Дүрст мэдээ

11-р сар 06, 2015

“УУЛЫН ДОМОГ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОГД УУЛАНД


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь гэрэл зурагчдын чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилготойгоор “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг өнгөрсөн нэгдүгээр сард Монголын гэрэл зурагчдын дунд зарлан хэрэгжүүлсэн билээ.

Тус хөтөлбөрт гэрэл зурагчдаас Бадарчийн Маралгуа шалгаран хоёр сарын хугацаатай Швейцарийн Бэллвалд мужид олон улсын гэрэл зурагчидтай хамт урлангаар хангах хөтөлбөрт хамрагдан, тэндхийн хүрээлэн буй орчин, байгаль, уулсын гэрэл зургийг дурандаа буулгасан билээ.

Монголын Урлагийн Зөвлөл нь Б.Маралгуагийн Швейцарийн Альпийн нуруунд болон Монголд авсан уран бүтээлээр нь “Уулын домог” гэрэл зургийн үзэсгэлэнг Богд Хан уулынБаруун Ширээтийн оргил руу өгсөх замд 2015 оны 11-р сарын 1-8-ны хооронд зохион байгуулж байна.


Уулын домог:

Уулын домог Монголчууд эртнээс үүлс манан титэмт, ус мөрөн хормойт сүрлэг уул хайрхдыг эзэн савдагтай, амьд шүтээн хэмээн тахиж, ивээл нөөлөгт нь шүтэж аж төрсөөр ирсэн билээ. Мянга мянган жилээр дээдлэн аргадаж ирсэн эртний энэ уламжлалыг гэрэл зурагчин Б.Маралгуа өөрийн бүтээлдээ тусгадаг агаад уулс хайрхдын өнө эртний цаг хугацаа, өөр орон зайг агуулсан мэт сүрлэг сүндэрлэг, халдашгүй ариун, хөндөшгүй дархан байдлыг өөрийн гэрэл зургийн дуранд олж нээж чаддагаараа онцгой юм.

Түүний Швейцарийн Валлисерт буулгасан Альпийн нуруудын гэрэл зургууд нь цас мөс, үүл манан, ой хөвчөөр хучигдсан уулсыг сүрлэг догшин, хөгжимлөг, догдлолт, дүнсгэр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр нээхийн сацуу өнөө үед дэлхий даяар эдгээр байгалийн аваргасан тогтцыг өөрчлөн хувьсгаж байгааг харуулах аж. Гэрэл зурагчны хар цагаан болон өнгөт том жижиг зургууд нь байгалийн үзэмжийг харуулахдаа хүнийг өчүүхэн жижиг биет болгон тусгах нь уулсын сүрлэг байдлыг улам лавшруулах агаад харин амьтдыг эрх тааваар байгаагаар зураглажээ. Гэрэл зурагчин бүтээлүүддээ байгалийн гэрэл, өнгөөс сэдэл авдаг нь ажиглагдах ба гэрэл сүүдрийн эсрэгцлээр зохиомжийн өнгийг тодосгож, найрсуулдаг байна. Уулсын төрх, тогтцыг тодосгон харуулсан нь зураасан зургийн бүтээл шиг үзэгдэх бол харин үүлсийн байдал импрессионист аястай нь уулсын сүр бараа, үлэмжийн нандин утга холбоос, үнэ цэнийг улам бататгах мэт.