Урлаг ба гэр бүлийн хүчирхийлэл


Урлаг хүчирхийллийг зогсоож чадах уу, түүнд ийм хэмжээний хүч бий юу? Эсвэл хэтэрхий гэнэн асуулт уу?

Хоёр жилийн өмнө Истанбулын Таксимын талбай дээр болсон жагсаалын үер залуус төгөлдөр хуур авч ирэн хөгжимдөж байв. Асуудлыг шийдчихээгүй ч яг төр мөчид довтлохоор бэлдэж байсан цагдаа нар төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Граффитич Бэнксигийн гаазын зурвасын дагуух ханан дээр бүтээсэн цуврал зургууд Палестин Израил хоёрыг найруумдуулчихаагүй ч олон нийтийн анхаарлыг энэ бүс нутаг руу хандуулж чадсан. Бельгийн уран бүтээлч Франсис Алисийн 500 метрийн урттай элсэн толгодыг хүрзнээс өөр зэвсэггүй таван зуун хүн байрнаас нь арван сантиметр шилжүүлсэн “Итгэл элсэн толгодыг хөдөлгөх нь” ажил хүчирхийллийн эсрэг чиглэгдээгүй ч урлагийн нөлөөллийн хүчийг илтгэнэ. Эдгээр бас өөр ийм ажлуудын эцэст хэчнээн прагматик хүн гэлээ ч би эхэнд тавьсан асуултдаа магадгүй гэж хариулна.
Гэр бүлийн хүчирхийлэл Монголд
Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболд Монголд жил бүр гурван зуун орчим хүний амьны хэрэг гардаг тухай хэлэв. Үүнээс дал орчим хувь нь гэр бүлийн хүрээнд болдог гэнэ. Мөн жил бүр 100 мянган танхайн гэмт хэрэг бүртгэгдгээс мөн төдий хувь нь гэр бүлийн хүрээнд гардаг аж. “Гудамжинд явж байгаа хүнийг цохихоор гэмт хэрэг гэж үздэг хэрнээ гэр дотроо хүүхдээ зодох нь хэвийн үзэгдэлд тооцогддог газар ганц манайх. УИХ гишүүд нь хүртэл хүүхдээ хүмүүжүүлэхэд цохих зодох байх асуудал гэж үзэж байна шүү дээ” хэмээн тэр харамсангуй ярилаа. Энэ нь Монгол хүний суурь менталиттай холбоотой гэхээсээ илүү хуучин нийгмийн үнэт зүйлс, идеологи үгүй болж, шинэ нь үүсч чадахгүй амжаагүй байгаа нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үеийн үр дагавар хэмээн энэ салбарт арваад жил ажиллаж байгаа Г.Оюунболд тайлбарлаж байна. “Одоогоор гэр бүлийн хүчирхийлэл гэсэн тусгай зүйл анги байхгүйгээс танхайн ч юм уу, тохирох зүйл ангиар шийтгэл оноодог. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл гэсэн Монголын нийгмийн нэгэн сөрөг үзэгдлийг хууль тогтоогчид үзэгдлийн хэмжээнд авч үзэхгүй байгаагийн баталгаа. Нэгэнт тусгай зүйл анги байхгүйгээс болоод энэ төрлийн гэмт хэргийн талаар тоон үзүүлэлт ч гардаггүй. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг далдалж байгаа бас нэг шалтгаан” хэмээн тэр үргэлжлүүллээ. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн нөхөр нь эхнэр хүүхэддээ гар хүрэх гэсэн хүрээнд харж болохгүй гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн гэрт амьдардаг хөдөөнөөс ирсэн оюутан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнээс эхлээд ахмад настнууд ч гэр бүлийн аль нэг гишүүний зүгээс янз бүрийн байдлаар дарамт хүчирхийлэлд өртдөг гэнэ. Иймд доместик хүчирхийлэл гэж илүү өргөн хүрээнд асуудалд хандах хэрэгтэй тухай Г.Оюунболд санууллаа.
Харин Хөөрхөн зүрхнүүд ТББ-ийн тэргүүн, сэтгэлзүйч А.Хонгорзул “Хүн бүр л сэтгэл хөдлөлтэй. Хүн бүр л уурлаж бухимддаг. Гол нь үүнийгээ гаргах хандлага нь манайд буруу байна” хэмээн онцлов. “Хүн болгонд араатан авир байдаг. Өмнө нь шашин энэ авирыг нь хазаарладаг байсан бол орчин үед хууль энэ үүргийг хүлээж байна. Гэхдээ хуулийг хүн бүр уншдаггүй. Тэгэхээр хамгийн гол нь иргэн бүрээ хүчирхийлэлтэй үл эвлэрэгч болгож төлөвшүүлэх ёстой” хэмээн Г.Оюунболд нэмсэн. Үнэхээр ч гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй аймшигт гэмт хэргүүд ар араасаа цувран гарсаар байгаа ч өнөөдөр ч бид нөхөр нь эхнэртээ, ээж нь үр хүүхэддээ гар хүрэхийг нийгмээрээ буруу зүйл гэж үзэхгүй л байна. Гудманд нөхөр нь эхнэртээ эсвэл ээж нь хүүхдэдээ гар хүрч байхыг хараад бид гэр бүлийн дотоод хэрэг л гэж ханддаг. Энэ хандлагыг өөрчлөхөд хуулиас илүү олон нийтийг хамарсан төсөл хөтөлбөр тэр дундаа урлаг чухал үүрэгтэй оролцох боломжтой гэдэг дээр Г.Оюунболд, А.Хонгорзул хоёр санал нэгдсэн юм.
Урлагийн оролцоо
Орчин үеийн урлагт урлаг нийгмийн сайн сайхны төлөө үйлчилэх ёстой гэсэн хуучин манай нийгэмд хүчтэй оршиж байсан, зүүний хүмүүнлэг үзэлтнүүдийн хандлага ул болж, хүсээгүй үүрэг хариуцлагаас ангид урлагийн төлөө урлах гэсэн хандлага давамгайлж байна. Гэхдээ энэ хоёр нь харилцан биенээ үгүйсгэх шинжтэй, хамт орших боломжгүй үзлүүд ч бас биш билээ. Жинхэнэ уран бүтээлч цаг үеийнхээ дууч байх нь ховор ч басхүү цаг үе нь өөрөө уран бүтээлчийг төрүүлж байдаг. Магад тийм ч болохоор бүгдээрээ биш ч олон аугаа уран бүтээлчид хүчирхийлэл, нийгмийн тэгш бус байдлын эсрэг шудрага ёсны төлөө дуу хоолойгоо хүргэж байсан, байгаа бизээ.
Мексикийн уран бүтээлч Элина Чаувегийн эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Улаан гуталнууд" интолляци. Мексикэд жил бүр олон арван охид бүсгүйчүүд алга болдог билээ.

Өнгөрсөн хориод жилд соц реализмыг бараг л хадны мангааны төвшинд авч үзэж, урлагийн төлөө урлагийг хэт шүтэснээр манайд урлаг ба нийгмийн эгэл жирийн гишүүн хоёрын хоорондох ангал улам бүр тэлсэн юм болов уу гэсэн бодол надад байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манайд байгаа үзэгдэл ч бишээ. Дэлхийн томоохон уран бүтээлчдийн хувьд ч энэ ангал дээгүүр гүүр тавих, урлаг дахь үзэгчдийн оролцоог нэмэгдүүлж, үзэгчдийг уран бүтээлийн нэг хэсэг эсвэл үзэгчдийг өөрийг нь уран бүтээлч болгох тухай санаа зорилготой туршиц, уран бүтээлүүд хийгдсээр байна. Жозеф Боизын Кессел хотноо сайн дурынхны хамт 7000 царс тарьсан “7000 царс” төсөл ч үүний нэг жишээ.
Манай уран бүтээлчдээс нийгмийн сэдвээр нэлээд удаан уран бүтээл туурвиж байгаа хүн бол зураач Б.Нандин-Эрдэнэ. Түүний хувьд их сургуулиа дүүргэснийхээ дараа Үндэсний хүчирхийллийн эсрэг төв болон бусад олон улсын байгууллагуудтай сайн дураараа хамтран ажиллаж, зурагт хуудас, ил захидал зурж байсан бөгөөд энэ үедээ хүчирхийлэлд өртсөн хүмүүс, тэр дундаа хүүхдүүдийн талаар илүүг ихийг мэдэж ойлгож авсан аж. Энэ үес хойш энэ сэдэв үүнийг л хийх ёстой гэж түүнийг хатгах болжээ. Б.Нандин-Эрдэнэ сонин сэтгүүлийн хуудаснаас тасдаж авсан хайчилбаруудаар коллаж төрлийн ажлууд бүтээдэг. Бидний өдөр дутмаа харах сонин сэтгүүлийн зургууд дээр эмэгтэй хүн бие хүн гэхээсээ илүү хараа баясгах зорилготой обьектийн шинжтэй дүрслэгддэг. Энэ материалын сонголт нь нийгэмд амьгүй эд зүйл мэт үзэгдсэн эмзэг бүлгийн хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн тухай түүний уран бүтээлүүдтэй тун ончтой холбогдсон санагддаг.

Уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Үл зөвшөөрөгдөх гар, 2013, Коллаж, 80х60
Нөгөө талаар урлаг нь зөвхөн нийгмийн асуудлыг нийтэд зарлах, тийш олны анхаарлыг хандуулахаас гадна эргээд хүчирхийллийн хохирогчдыг хар дурсамжаа даван туулахад ч тусалдаг. Янз бүрийн шалтгаанаас болж сэтгэл санааны цочролд орсон, сэтгэлзүйн өвчтэй иргэдийг урлаг, тэр дундаа зургаар дамжуулан эмнэх урлагаар дамжуулсан сэтгэл заслыг барууны сэтгэл судлалд өргөн хэрэглэдэж байна. Анх өнгөрсөн зууны эхэн үер германы сэтгэл судлаачид өвчтөнөөр зураг зуруулах замаар оношлох талаар даацтай судалгаа, туршилтууд явуулсан байдаг. Гэвч яваандаа энэ нь оношлогоонд гэхээсээ илүү эмчилгээнд үр дүнтэй болох нь нотлогджээ. “Энгийн сэтгэл засал нь яриагаар дамждаг. Харин гүн шоконд орсон насанд хүрээгүй хүүхдүүд асуудлаа нээж ярихдаа тааруу байдаг. Ийм тохиолдолд зураг эсвэл тоглоомоор дамжуулан илэрхийлэх нь үр дүнтэй. Нэмээд хэлэхэд манайд хүчирхийллийн золиос болсон иргэдийг хохирогч гэж нэрлээд байна. Уг нь бол даван туулагч гэж нэрлэх ёстой юм. Яагаад гэвэл тэд хэвийн байдалдаа очихын тулд ихээхэн цаг, эмчилгээ шаарддаг” хэмээн Б.Хонгорзул ярьсан. Түүний хувьд Австралид суралцаж ирээд анх хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн гар зургаар нийтэд зориулсан үзэсгэлэн гаргах талаар төлөвлөж байсан аж. Гэтэл олон улсын жишгээр ийм төрлийн үзэсгэлэнг эхлээд эмч, цагдаа зэрэг тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан гаргаж, үйлчилгээ үзүүлэгч салбарынхны хандлагыг өөрчилж байж дараа нь олон нийтэд зориулдаг аж. Ингээд тэрээр энэ хүслээ түр хойш нь тавихаар шийдсэн гэнэ. Гэхдээ хэрэгжиж эхлэх цаг удахгүй бизээ.

Кубын уран бүтээлч Эрик Равелогийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг уран бүтээл

Эцэст нь нэгэн үзэсгэлэн
Монголын Урлагийн Зөвлөл Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах, уран бүтээлчдэд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн олон нийтэд зориулсан бүтээл туурвих хүсэл сэдлийг өдөөж, нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг энэ сард зохион байгуулах гэж байна. Энэхүү медиа үзэсгэлэнд найруулагч Ш.Ихбаяр, зураач Б.Ундрам, Б.Нандин-Эрдэнэ, гэрэл зурагчин Б.Ренцэндорж нарын дөрвөн залуу уран бүтээлч болон Y&R Mongolia компани нэгдээд байна. Мэдээж хэрэг ганцхан үзэсгэлэнгээр нийгмийн хандлагыг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Гэхдээ энэ үзэсгэлэн Монголын уран бүтээлчдийг нийгмийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулах, нийгмийнхээ сайн сайханд хувь нэмрээ оруулах үйлсийн эхлэл болно гэдэгт найдаж байна.

Нийтлэлч А.Амармэнд