Урлагтай яриа

1-р сар 28, 2015

Урлагтай яриа- уран бүтээлч Д.Дорждэрэм

МУЗ–н "Урлагтай Яриа" цуврал уулзалт ярилцлагын зочин уран бүтээлчээр итгэл үнэмшил, амьдрал, үр хөврөл, хийсвэр сэтгэлгээ зэрэг гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй хэрнээ хүн төрлөхтнийг мөнхөд оршин бие болгож байдаг сэдвүүдийг өөрийн илэрхийлэл болгон бүтээлдээ тусгадаг залуу уран бүтээлч Д.Дорждэрэм оролцлоо.


Уран бүтээлч хүн үргэлж тухайн цаг үетэйгээ зөрчилдөж байдаг, тийм ч учраас хүмүүсийн нийтээр хүлээн зөвшөөрдөг эрх чөлөөгөө боолгосон ч номхон хүлцэнгүй..., чимээгүй..., "дагаж амьдардаг" дүрмийг "гажиж" тэрхүү замыг сонгодог бизээ. Хүн төрлөхтний оршихуйг бүхэлд нь "Огт+Оргүй" гэж нэрлэсэн зураач Д.Дорждэрэм уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн дохио, сэрэл мэдрэмж өгч, үзэгчдийн дунд "Яагаад?" гэх хүлээлт үүсгэж байдгаараа онцлог юм.
Тэрээр уран бүтээлийн бие даасан 5 үзэсгэлэн гаргаж, Бельги, Швецарь, Франц, Япон, Гонг Конг, Тайван зэрэг орнуудад нийт 15 хамтарсан үзэсгэлэнд оролцож байжээ. Хүмүүс хэтэрхий ихээр өөрөөсөө "дүрвэж" байгаа нь уран бүтээлчийн эмзэглэл бөгөөд энэ тухайгаа "Урлагтай Яриа" цувралын үзэгчидтэй ярилцан нийгэмд бас л нэгэн оюун санааны гацаалт үүсгэлээ...