Дүрст мэдээ

3-р сар 24, 2020

Уран бүтээлч та бүхнийг МУЗ-тэй хамтран ажиллахыг урьж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь график дизайн, гэрэл зураг, урлаг судлал, хөгжим, утга зохиолын салбарын төлөөлөл 5 уран бүтээлчийг 2020-2021 оны онцлох уран бүтээлчээр сонгож, хамтран ажиллана.

2019 онд МУЗ нь дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, яруу найраг, кино урлагийн салбарын авьяаслаг уран бүтээлч гоёл чимэглэлийн урлаач Э.Цагаанцоож, бүжигчин Ж.Номгонмаа, зохиолч, яруу найрагч Э.Үлэмжтөгс, “Зун” продакшн болон “No wonder” продакшны уран бүтээлчидтэй “Улаан гэр” бүтээлч орон зайд зураг авалт, сургалт, үзэсгэлэн, зохион байгуулах, уран бүтээл туурвих, олон улсын үзэсгэлэнд бүтээлээ танилцуулах, соёлын солилцоонд оролцох, олон улсын кино төсөлд хамтран ажиллах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг чиглэлээр амжилттай хамтын ажиллагаа өрнүүлсэн билээ.

2020-2021 оны Онцлох уран бүтээлчээр шалгарсан тохиолдолд дараах урамшууллыг хүлээн авна. Үүнд:

• МУЗ-ийн гишүүн уран бүтээлч болж, МУЗ-өөс зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд уригдан оролцоно.

• МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зайд уран бүтээл туурвих, үнэ төлбөргүй үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг хүлээн авна.

• МУЗ-ийн хамтрагчид, уран бүтээлчид, бизнесийн ба олон нийтийн салбарын түншүүдтэй танилцаж, танилын хүрээгээ тэлнэ.

• Уран бүтээлийн шинэ санаа боломжууд нээгдэнэ.

Дээр дурьдсан салбарын уран бүтээлч та бүхэн өөрсдийн намтар болон уран бүтээлийн танилцуулгыг МУЗ-ийн redger@artscouncil.mn хаягаар 4 сарын 15-ны дотор илгээнэ үү.