Дүрст мэдээ

9-р сар 06, 2019

“Улаанбаатар” олон улсын XI кино наадам 2019.10.14-20

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

2019 оны УБОУКН-ын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Тухайлбал, энэ жилийн наадамд Канны кино наадмын “Алтан дал мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У -гийн “Шимэгч”, Берлиний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа”, мөн найруулагч Нора Фингшаидын Берлиний кино наадмын уралдаант хэсэг болон ХБНГУ-аас Оскарын наадмын бүрэн хэмжээний олон улсын кино ангилалд өрсөлдөхөөр шалгарсан “Систем сүйтгэгч” зэрэг 18 монгол болон олон улсын киног “Тэнгис” кино театрт толилуулахаар бэлтгэж байна.

Энэ жилийн УБОУК наадмын онцлох орноор ХБНГУ сонгогдсон ба Гёте-Институтын дэмжлэгээр “Герман улсын кино үзвэр”-ийн хүрээнд найруулагч Мехмет Акиф Бюкаталав хүрэлцэн ирж, өөрийн “Орай” киногоо танилцуулахаас гадна, Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем Сүйтгэгч” кинонуудыг 2019 оны 10-р сарын 15-ны өдөр үзэгчдэд хүрэх болно.

Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 15 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2019 оны 10-р сарын 18-20-ны өдрүүдэд олны хүртээл болгоно.

Мөн Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар кино форум”-ыг 2019 оны 10-р сарын 16-нд зохион байгуулах болно.

Наадмын үеэр Монгол уран бүтээлчдэд кино зохиол бичих, төслөө сайжруулах сэдвээр кино зохиолч Марьета вон Хаусволф вон Баумгартен болон кино маркетингийн чиглэлээр стратегич Матиас Ношис, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон, зөвлөх Паоло Бертолин нар уригдан оролцож, 3 өдрийн сургалтыг чиглүүлэн, уран бүтээлчдэд ганцаарчилсан зөвлөмжийг өгч ажиллана.

UBIFF 2019 documentary video



https://www.youtube.com/watch?v=Q60RLxZtEu0

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF -ээс авна уу.

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын XI кино наадамд урьж байна.