Дүрст мэдээ

6-р сар 10, 2019

Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2019

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлсийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 4 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Нүүдэл суудал” сэдвийн хүрээнд 2019 оны 6 сарын 21-ээс 7 сарын 7-ны хооронд Сайншанд хот, Хамрын хийд,  УБ хотын “MN 17 Галерей”, “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” амьд хөгжмийн наадмын талбайд тус тус зохион байгуулах гэж байна.

Медиа урлагийн наадмын албан ёсны хамтран зохион байгуулагчаар Гёте Институт; ивээн тэтгэгч-хамтрагчаар Нидерландын Стимулеринг сан, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл, Нидерландын ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, MSM групп; дэмжигчээр UBINN зочид буудал, “Үлэг гүрвэлийн төв музей”, “Playtime” амьд хөгжмийн наадам  тус тус ажиллаж Монголын болон олон улсын медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.  

Тус наадмын хүрээнд нийт 4 цогц арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монгол ба олон улсын 14 орны нийт 46 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл оролцсон “Нүүдэл” галт тэрэгний аялалыг 2019 оны 6-р сарын 21-23 хооронд Сайншанд хот, энергийн төв хамрын хийд рүү зохион байгуулна. Мөн Гёте Институтэй хамтран “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн өмнөд Ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Азийн шинэ залуу 8 куратор дэглэн 2019 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 7-ны хооронд  “MN 17 Галерей”-д олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах ба наадмын хүрээнд 6-р сарын 28-ны өдөр Кураторуудын чуулганыг зохион байгуулна. Мөн ТodaysArt олон улсын медиа урлагийн наадамтай хамтран дуу авиа, хөгжим, дүрсний нийлмэл урлагийн бүтээлийг “Playtime” амьд хөгжмийн наадамд байрлах Улаанбаатар олон улсын медиа урлагийн асар ба “Нааглихац” тайзнаа Монголын үзэгчдэд хүргэх  болно. Медиа урлагийн наадмын үеэр мэргэжлийн уран бүтээлчид ба оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, “Урлагтай яриа” уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг тус тус зохион байгуулна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь  www.facebook.com/UBIMAF  фейсбүүк хуудаснаас авна уу.

Та бүхнийг Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд урьж байна.