Арга хэмжээ

4-р сар 08, 2019

Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2017

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна.

Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.  

Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна.

Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно. Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм. Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах болно. Мөн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй энэхүү асуудлыг хөндсөн, техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах болно.


Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно. Та бүхнийг урьж байна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь  www.facebook.com/UBIMAF  хаягаас авна уу.