Дүрст мэдээ

3-р сар 14, 2016

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМД ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан Ази-Европын Сангийн дэмжлэгтэйгээр соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд анх удаа зохион байгуулах гэж байна.

Наадмын хүрээнд “Уламжлал ба шинэчлэл” сэдэвтэй Ази-Европын шилдэг 4 уран бүтээлчийг танилцуулсан үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах ба уран бүтээлчид та бүхнийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Уран бүтээлч нь видео, фото арт, медиа урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх
  • Уран бүтээлч нь “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд бүтээл туурвих
  • Санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын зохион байгуулагчид болон наадмын куратор ХБНГУ-ын Колоне хотын Медиа урлагийн академич, Азийн урлагийн театрын куратор Ю Ми нараас бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Уран бүтээлчийн намтар
  • Санал болгож буй бүтээлийн утга агуулга, ашиглах материал, гүйцэтгэлийн тайлбар. / 250 үгэнд багтаах /
  • Бүтээлийн төсөв
  • Уран бүтээлчийн чадавхийг илтгэсэн 5 бүтээлийн фото зураг болон тайлбарын хамт /Хэрэв уран бүтээлийнх нь талаар дотоод гадаадын куратор, урлаг судлаачид шүүмж, нийтлэл бичиж байсан бол хавсаргах/

Эдгээр материалыг бүрдүүлэн 3-р сарын 21-ний өдрийн 18:00 хүртэл redger@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд оролцох Монголын 2 уран бүтээлчийг 4-р сарын 1-ний дотор сонгон шалгаруулж олон нийтэд мэдээлнэ.

Наадамд шалгарсан 2 уран бүтээлч 2016 оны 4-р сараас 6-р сарын 1-ний хооронд наадмын зохион байгуулагчид болон куратортай хамтран ажиллах ба бүтээлүүд нь “Улаанбаатар” медиа урлагийн наадмын “Уламжлал ба шинэчлэл” үзэсгэлэнд тавигдана.

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв 402 тоот

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс : 976-11-319015, 319017

redger@artscouncil.mn

www.artscouncil.mn