Дүрст мэдээ

10-р сар 01, 2014

“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадам 2014

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам-2014 /УБОУКН/-ыг Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Туркийн Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл болон Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 2014 оны 10-р сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. 

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд:  

УБОУКН нь 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётебург, Токио, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Мексик, зэрэг орны 12 шилдэг кино бүтээлийг олон нийтэд толилуулан, кино үзвэрийн дараа уран бүтээлчидтэй хийх уулзалтыг зохион байгуулна. 

Тус наадмын олон улсын шилдэг кино хөтөлбөрт 2013 оны Токиогийн Олон Улсын кино наадмын Шилдэг найруулагч, 2014 оны Гётебург олон улсын кино наадмын үзэгчдийн шагнал зэрэг дэлхийн 10 гаруй нэр хүндтэй наадмын тэргүүн болон тусгай шагналт Исландын найруулагч Бэнэдикт Эрлингссоны Хүн ба морьд, 2013 оны Венецийн Олон Улсын кино наадмын Үзэгчдийн шагналт, Францын найруулагч Жан Дэнизотын Сайхан Амьдрал, 2014 оны Каннын олон улсын кино наадмын шилдэг зохиол шагналт, ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын Левиафан, 2013 оны Берлиний олон улсын кино наадмын Мөнгөн Баавгай шагналт кино Казакстаны найруулагч Эмир Байгазины Зохиомжийн хичээл, 2014 оны Канн олон улсын кино наадмын  - Найруулагч Fortnight шагнал зэрэг 4 нэр хүндтэй шагналыг нэр дор хүртсэн  Францын кино найруулагч Томас Кейлигийн Дайчид зэрэг олон сонирхолтой, чанартай бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно.

Энэ жилийн наадмын онцлох орноор Турк улс сонгогдон оролцож буй бөгөөд шилдэг бүтээлээс бүрдсэн “Туркийн кино өдөрлөг”-ийг Туркийн Элчин Сайдын Яамтай хамтран 2014 оны 10-р сарын 9 –нд зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт 2014 оны Каннын Олон Улсын кино наадмын Алтан навч шагналт, Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы Өвлийн Ичэлт киног үзүүлэхээс гадна Истанбулын Олон Улсын Кино Наадмын захирал хадагтай Азизе Тан оролцоно. 

Мөн наадмын хүрээнд Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг 3 бүтээлийг олон нийтэд танилцуулах бөгөөд тус сангийн ажилтан Mажоре Бенедек тус наадамд уригдан оролцох болно.  Дэлхийн Урлагийн Сан нь хөгжиж буй орны уран бүтээлчдэд Германы найруулагч болон продюсертай хамтарсан бүтээл хийхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд Монголын уран бүтээлчид энэ дэмжлэгт хамрагдах боломжтой бөгөөд түүнийг хэрхэн авч болох талаар 2014 оны 10-р сарын 10 нд МУЗ-ийн Улаан Гэр Галерейд  зохион байгуулагдах Улаанбаатар Кино Форумын үеэр мэдээлэл авах боломжтой.  Мөн тус кино форумд Роттердам Олон улсын кино наадам, Каннын шүүмжлэгчдийн долоо хоног, Братислав Олон улсын кино наадмын зөвлөх Паола Бертоли, Данийн Копенгагены Их Сургуульд “Монголын кино 1990-2011 - Үндэсний онцлог ба хамаарал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан Данийн кино судлаач Нис Грин зэрэг салбарын нэр хүндтэй төлөөлөл оролцож, дэлхийн кино урлагийн чиг хандлага, Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг хийнэ. 

Түүнчлэн  наадам зохион байгуулагчид энэ жилээс хамтран “Монгол Кино Хөтөлбөр”-ийг  Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн Хязгааргүй, залуу найруулагч М.Ивээлийн Цэн Тогоруу зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлнэ.  Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын Хүдэн УСК  сонгогдож, дэлхийн нээлтээ хийхээр ажиллаж байна.  

Наадмын зохион байгуулагчид “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байлгахад анхааран, олон улсын кино хөтөлбөр зохицуулагчаар Францын иргэн, Канн болон Парис Синема олон улсын кино наадам зохион байгуулагч, Францын иргэн Тибу Бракийг дахин урьж ажиллуулж байгаа билээ. 

ССАЖЯ энэ жилээс эхлэн УБОУКН-ын олон улсын киноноос үзэгчдийн таашаалд нийцсэн киног шалгаруулж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг 2014 оны 10-р сарын 12 нд гардуулах болно.  

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд урьж байна.