“ТУРШИГДСААР БАЙХ УУ”
Магадгүй та учиг нь үл тайлагдах ээдрээн дунд явна уу? Хичнээн өөрийнхөө сонгосон замаар алхавч, “туршилт"-ын хуй салхинд дайруулсаар байна уу? Монголчууд бид тогтворгүй төрийн эмх цэгцгүй бодлогын нөлөөгөөр аль хэдийнээ итгэл үнэмшилээ алдаж, хуйд автан эргэлдсээр олон өвлийг угтаж байна. Харин “туршилт”-ын энэхүү хуй салхины эрчинд ороогдсоор байх уу? эсвэл өөрийнхөө итгэл үнэмшлийн сонголтоор сөрж гарах уу? Бодлоо хуваалцъя.
“Туршилт” гэдэг үг өөрөө их эрсдэлтэй, алдахыг зөвшөөрдөг, магадлалын шинжтэй ойлголт. Онох эсвэл зөрөх. Харин бид алдаж болохгүй гэдгийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал гэж монгол түмэн монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл, бичиг, түүх, соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ ” гэж тусгасан байдаг. Харамсалтай нь бодит байдал дээр засаг солигдож, төсөв багасахад хамгийн түрүүнд соёл, урлагийн салбарыг “танадаг” учир үүний уршигаар үндэсний аюулгүй байдал ганхах эрсдэлтэй. Иймээс төрийн алдаатай системийн “туршилт”-д дахин автахгүйн тулд соёл урлагийн чанартай агуулгаар дамжуулан хүн төвтэй, оюуны хөгжлийг эрхэмлэдэг тогтолцоо үгүйлэгдсээр байна.
Өнөөдөр хотын захын айл өглөөний цайндаа ганцхан талхыг таллаж авах эдийн засгийн чадамжтай байхад соёл урлаг ярьж таны цагийг авмааргүй байна. Гэхдээ НҮБ-аас баталсан 2030 он хүртэл баримтлах “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтын хамгийн эхэнд “ядуурлыг таслах” гэж тусган батлаж, энэ тал дээр олон төсөл хөтөлбөрийг дэлхий даяар санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Харин ядуурлыг материаллаг талаас нь шинжих биш оюуны ядууралтай тэмцэх цаг бидэнд тохиосныг та анзаарч байна уу.
Саяхан манайд Үндэсний бахархалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, улс орон даяар “амарсан”. Энэ өдөр “Өнөөдөр сонин”-ы уран бүтээлчид “Чингис хаан гэж хэн бэ?”, “Монгол бахархал гэж юу вэ?” гэсэн судалгааг 4-8 настай хүүхдүүдийн дунд явуулсан байна. Зарим нь “Чингис хаан гэдэг бол хатантай, ханхүүтэй, гүнжтэй хаан байх аа. Би гэхдээ Чингис хааныг харж байгаагүй ш дээ. Харин Монгол бахархал бол хайртай юмыг маань хэлнэ” гэсэн байхад зарим нь “Чингис хаан бол Монголд байдаг хамгийн том хөшөө, амьд байсан бол их гоё байх байсан, Чингис хаан бол Монгол улсын бахархал, харин хэзээ төрсөн, хэдэн онд хаан болсныг нь мэддэг байсан чинь мартчихаж” гэх мэтээр хариулсан байна. Үүнийг би ямар нэгэн шалтгаангүйгээр бичсэнгүй. Монгол хүний бахархал нь монгол хүн юм уу? Чингис хаан юм уу? гэх ойлголт өнөөдрийг хүртэл маргаантай, үндэсний бахархалын тухай агуулга нэн ядмагхан байгаагийн нотолгоо нь энэ өдөр.
Та хүүхдийнхээ үздэг киног хамт үздэг үү, уншдаг номыг нь эргүүлж харсан үү? Өнөөдрийн бага насны хүүхэд 20 жилийн дараа улс орны хөгжлийг тодорхойлж, нийгмийг цогцлоон бүрдүүлнэ. Тэд юу үзэж, хэрхэн төлөвшиж байгаа юм бол? Таны хүүхэд харийн хэлээр ярьж, гадны соёлыг дууриаж, бөмбөрцөгийн нөгөө талд байгаа хүүхэдтэй ижил сэтгэж, урлагийн адилхан агуулга үзэн, дэлхий улам ижилсэж байгааг харуулсаар байна! Магадгүй бидний хүүхэд шинжлэх ухааны хөгжил дээд туйлдаа хүрсэн, хиймэл оюун ухааны үед амьдарна. Энэ үед харин ямар ч өөрчлөлтийн хуй салхинд ганхахгүй үлдсэн үндэсний дархлаатай, уламжлал шинэчлэлийн үнэт зүйлсийг өвлөн тээсэн, хүн төрлөхтний нийтлэг үнэт зүйлийн чиг баримжаатай хүн үгүйлэгдэх нь лавтай. Тиймээс ирээдүйн Монгол иргэнийг бодлогоор бэлдэхийн тулд үндэсний агуулга бүхий орчин үеийн хүүхдийн уран бүтээлийг төрүүлэх чухал хэрэгцээтэй байна.
Өнгөрсөн зуунд Монгол хүүхдийн төлөвшил, итгэл үнэмшил нь ардын аман зохиол, үлгэр домгоос үүдэлтэй байсан. Дамжуулах суваг нь зурагт, радио, ном, сонин сэтгүүл гээд тун цөөхөн. Хожуу үед “Эрх цагаан ишиг”, “Болдоггүй бор өвгөн”, “Арслан, өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Арван хоёр жил”, “Эрхий мэргэн харваач”, “Хөхөө намжил”, “Нэг төө өвгөн” “Алтан гадас ба долоон бурхан” гэх мэтчилэн үлгэрийн хэлбэртэй зохиомж “Боролдойн цаг”-аар гарч эхэлсэн. Энэ үеийн хүүхдийн уран бүтээлийн агуулга дэлхий ертөнц, гариг эрхэс, байгаль хүн хоёрын харилцан шүтэлцээ, Монгол хүний амьдралын хэв маяг, ёс суртахуун зэрэг сэдэвтэй байсан нь шинжлэх ухааны хөгжилд дарагдах орчин үеийг харсан алс хэтийн дархлаа, үнэт зүйлсийн өгөгдөл байсан мэт...
Харин өнөөдөр “Baby TV”, “Cartoon Network” зэрэг телевизийн сувгаар, “One Piece”, “Dragon Ball”, “Naruto Shippuden”, “Attack on Titan”, “Oggy and the Cockroaches” гэх мэт робот, ид шид, ододын дайн, сүнслэг ертөнц, цахим орчин зонхилсон анимэйшн төрлийн киног хүүхдүүд сонирхон үзэж байна. Эдгээр бүтээлүүд нь супер баатартай, ид шид, далайн дээрэмчин, цус сорогч, махчин загас хүн иддэг тухай, баатрууд бие биенийгээ хөнөөдөг тухай өөрөөр хэлбэл заавал нэг нь ялж төгсдөг өрсөлдөөнийг харуулсан үйл явдлуудаар цааш өрнөнө. Иймэрхүү илэрхийлэлтэй бүтээлийг үзсэн хүүхэд атаа жөтөө, үзэн ядалт, өшөө авах, нэгнээ хорлох гэх мэт харгис, муу арга мэхийг сурснаар зожиг, зан төлөвийн хувьд тогтворгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, хаалттай болдог гэж ОХУ-ын РУДН сургуулийн сэтгэлзүйн эрдэмтэд нотолсон байна. Ийм агуулгаар төлөвшиж байгаа хүүхдүүд 20 жилийн дараа Монгол улсын ирээдүйг цогцлоож чадах уу?...
Гадаад соёлын сөрөг нөлөөлөл Монгол хүний үнэлэмжийг бууруулах, монгол дархлааг сулруулах эрсдэлийг дагуулж байгаа учир түүнд ямар нэгэн хяналт цензур, ёс суртахууны хэмжүүр зайлшгүй хэрэгтэй байгааг тодоор тэмдэглэмээр.
Сүүлийн арваас хорин жилд ном хэвлэлийн тоо манайд огцом ихэссэн. Номын дэлгүүрийн хүүхдийн номын тасгаар орвол хангалттай олон ном харагддаг ч дахиад л өнөөх үндэсний агуулга бүхий хүүхдийн уран зохиол дутмаг байсаар. Монголын хүүхдийн уран зохиолын оргил үеэс хойших хэвлэлүүд сэтгэлгээ, утга агуулгын өөрчлөлтөнд орсон, итгэл үнэмшил муутай, туйлбаргүй, үгсийн сан ядмаг, цаашлаад хүүхдийн сэтгэлгээнд “томдсон” бүтээлүүд байх жишээний. Хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээ өөрчлөгдснийг ойлгох, уламжлал шинэчлэлийн хосолмол агуулга бүхий орчин үеийн Монгол хүүхдэд зориулагдсан уран зохиолын шинэ, чанартай бүтээл үнэхээрийн хомс. Үүний өөр нэг зовинол нь эцэг эхчүүдээс хамааралтай. Хүүхдийнхээ урлагийн боловсролын хэрэгцээг цэцэрлэг, сургуулийн нэгдсэн журамд даатгаж, бусад үед зурагтынх нь өмнө “уяад” орхичихдог.
Боловсролын систем дэх үндэсний агуулга үүнээс ч ярвигтай. “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас” хөтөлбөр, “Цөм хөтөлбөр”... гэх мэт үзэл баримтлалын зөрүүтэй бодлогуудаар бидний хүүхэд туршигдсаар л ирсэн. Сурах бичгийн агуулгыг өөрчлөхөөс эхлээд Кембрижийн жишгийг дагаж үзсэн. Дэлхийн дундаж үзүүлэлтээр бага боловсролын хичээлд хуваарилдаг сургалтын цагийн эзлэх хувь 2000 оны орчим хамгийн өндөр нь гадаад хэл 37% , математик 18%, харин урлагийг 8 %-тай заадаг байхад урлагийн хамгийн чухал асуудал болох ёс суртахууны хүмүүжлийн талаар ердөө л 1%. Энэ байдал одоо ч дээрдээгүй. Үүнээс харахад ЕБС-ийн хичээлээс урлагийн тухай, ёс суртахууны тухай хангалттай мэдлэг авч чаддаггүйг бид харж байна.
Манайд ҮНДЭСНИЙ АГУУЛГА-тай хүүхдийн уран бүтээл ховор байгаагийн шалтгаан нь хоёр талтай. Уран бүтээлчид өөрсдийн бололцоогоороо хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, арай чүү хийсэн бүтээл нь нэг сарын дараа л номын тавиур дээр тоосонд дарагдаж, эсвэл бүтээгчийнхээ хувьд хамгийн хайртай үнэт эрдэнэ, амьдралынх нь утга учир болон гэрийн хойморт залагдах төдийхөнд.
Нөгөө талаас “Naruto”-г дэлхийн хүүхдүүд шүтдэг шиг үндэсний хэмжээний монгол агуулга бүхий бүтээл туурвихад зөвхөн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадвар, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн байх нь хангалтгүй ойлголт. Төр засгаас баримтлах нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг Япончуудын “Naruto” харуулна. Япон хүний бахархал, япон соёлыг дэлхийд сурталчилж байгаа арга хэлбэр. Өөр нэгэн жишээ, “Walt Disney”-н кино ихэвчлэн баатартай байдгийг таны хүүхэд сайн мэднэ. Тэрхүү баатраараа дамжуулж Америк бол хүчтэй гүрэн, юуг ч ялан дийлдэг гэсэн үндэсний агуулгыг бүтээлийнхээ гүнд шургуулсан байдаг.
Тийм ч болохоор монгол хүүхдүүд ямар нэгэн баатрыг урлагийн бүтээлээс хайж эхэлсэн. Үндэсний бахархалаар бүтсэн “Монгол Naruto”-г өнөөдөр бүтээх нь 20 жилийн дараа бидний ирээдүйг аварч мэдэх талтай.
Төөрөгдлийн салхи эрчээ нэмэн хуйларсаар. Үүний дундаас Монгол хүнийг хайж олоход улам л бэрх болсоор. Соёл хоорондын завсарт уусан шингэх үү, эсвэл үндэснийхээ дархлаагаар сөрж гарах уу? гэдэг сонголтыг таны өмнө нээлттэй үлдээе.
Нийтлэлч Д.Болорцэцэг