Танил биш Америк кино
Бид америк киног нэлээн сайн гадарлана. Зөвхөн Монгол ч гэлтгүй, ер нь л дэлхий нийт америк киногоор хүмүүждэг гэвэл хилс болохгүй. Оскарыг дэлхийн кино урлагийн хамгийн том наадам гэж одоог хүртэл зарим сэтгүүлч бичдэг. Холливудаас өөр кино зах зээл байхгүй гэж олонх маань итгэдэг. Гэхдээ л Америкийн киног зөвхөн Холливудаар төсөөлж болохгүй гэдгийг “батлах”-аар “Америкийн кино өдөрлөг” хоёр дахь жилдээ болж өнгөрөв.
Нээлтийн өдөр би “Цаглашгүй үр” гэх кино үзлээ. Монголд болдог ихэнх кино өдөрлөгөөр танхим барагтай л бол дүүрч харагддаггүй болохоор тайвширч явсаар багахан хоцров оо. Нэг их ч юм бодсонгүй, харанхуйд тэмтрээд хаа нэгтээ хоосон сандал олдчихно гэж бодов. Бурууджээ. Найзын маань танил болзоот цагтаа ирж чадахааргүй болоогүйсэн бол суудалгүй үлдэх байж шүү. “Америкийн кино өдөрлөг” Монголд хоёр дахь жилдээ болж байгаа. Энэ жил мөн л баримтат кинонууд авчирч. Бүгд инди кинонууд байна. Энэ бол Холливудын кино үзэж дассан бидэнд Америкийн кино урлагийн огт өөр талыг бидэнд харуулах бүтээлүүд. “Бид жилд 60 кино сонгоод дэлхийн 40 гаруй улсад үнэ төлбөргүй толилуулдаг. Ингэхдээ бид Америк орныг сурталчлахыг урьтал болголгүй, харин ч дэлхийн хаана ч асуудал болж буй сэдвүүдийг хөндөж тавьсан, улмаар үр нөлөөгөө үзүүлэх кинонуудыг сонгодог” хэмээн Америкийн кино өдөрлөгийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Nester Vences надад ярив. Үнэхээр ч “Америкийн кино өдөрлөг” гэхээр нь улс орноо магтан дуулсан кинонууд авчраа байлгүй гэж сэрдснийг яана. Гэтэл хөтөлбөрт сонгогдсон таван киног үзээд гайхаш төрөв. АНУ-ын нийгмийн томоохон асуудал болсон гэр бүлийн хүчирхийллийн тухай “Далд хүчирхийлэл”, дайн, хүн амын хөгшрөлт, ядуурал зэрэг томоохон асуудалтай өдөр тутмынхаа амьдрал дээр нүүр тулж байдаг сувилагч нарын тухай “Америк сувилагч” кинонууд гарсан. Үүнтэй харьцуулахад “Эх өгөгдлийн үнэн дүр төрх”, “Том мөрөөдөл” хоёр бол маш өөдрөг. Бүгд л томоохон кино наадмуудад оролцож, боломжийн шагнал хүртэцгээжээ. Харин “Цаглашгүй үр” бол...
Үнэндээ би ийм хүчтэй кино цөөхөн үзэж байжээ. “Ноагийн завь” хэмээх ойлголт христийн шашинт хүмүүст илүү ойр. Энэ бол домог, хууч. Гэхдээ бодит амьдрал дээр Ноагийн завинаас ч илүү хүн төрөлхтөнд өгөөжтэй, холын холыг харсан үйл хэрэг хийж яваа Кэри Фоулэр гэх эрийн тухай кино л доо. Тэр дэлхийн дулаарал, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс болж эрс багассан хүн төрөлхтний үрийн нөөцийг хадгалж үлдэх тэмцэл явуулж байна. Кэри Фоулэр үрийн банк буюу дэлхий дээр ургаж байгаа үр тарианы төрөл зүйл бүрийг устаж үгүй болохоос нь өмнө амжиж авч генийн түвшинд нь хадгалж, эрлийзжүүлэн фермерт тариалж болохуйц болгодог хадгалах зоорь бүтээсэн. Гэхдээ цаг агаарын өөрчлөлт нь газар тариалан эрхлэгчдийн ажлыг маш эрчимтэйгээр нурааж байгаа учраас түүнээс урьтаж үрийн төрөл зүйлийг олж хадгална гэдэг нь өөрөө том асуудал. Үр тариа олон төрөл зүйл байхаа больж устана гэдэг нь зөвхөн тариалан эрхлэгчдийн асуудал биш бидний идэх хүнсний бүтээгдэхүүн хомсдох, үнэ нь нэмэгдэж улмаар нийгмийн доод давхаргынхан өлсгөлөнд автах аюултай гэдгийг ойлгон дэлхийн олон газраар явж киноныхоо зураг авалтыг хийжээ. Уг киног бүтээсэн Сэнди МкЛеод киноныхоо нээлтэн дээр ирсэн. Эгэл хүний эгэл биш энэ түүх монгол үзэгчдэд маш их таалагдсан нь анзаарагдсан.
“Хувь хүний түүхээр бүхэл бүтэн нийгмийг харуулж, өөрийн улсаа ч сурталчлах боломжтой” хэмээн Nester Vences хэлсэн. “Америкийн кино өдөрлөг”-өөр гарсан баримтат кинонуудын гол дүрүүд олны танил алдартан биш, бидэнтэй л адил нийгмийн нэгээхэн хэсэг боловч эрэлхэг зоригтой, тэмцэх чадвартай, хүнд хэрэгтэй зүйлс хийж буй хүчтэй дүрүүд байсан нь ийм учиртай аж. Энэ жилийн кино сонголтод хувийн хэвшлийн асуудал, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн олон талт байдлыг харуулсан бүтээлүүдийг түлхүү харуулахаар зорьжээ.
Монголчууд кино театртаа дандаал Холливудад шуугиан тарьсан, блокбастеруудыг үздэг бол энэ өдөрлөг бидэнд Америкийн тухай огт өөр, урьд нь тэр бүр харж байгаагүй өнцгүүдийг нээв. Энэ л хамгийн том зорилго юм. Дээрх кинонуудын үйл явдал энд биш, хүмүүс нь биднээс өөр, орчин нөхцөл, зорилго тэмүүлэл нь адилгүй боловч ХҮН гэсэн нэг л өнцөгт төвлөрсөн нь бага зэрэг өөр боловч бидний адилхан л туулж буй зовлон, нүүрлэж буй асуудал, амжилтын жишээ, даяаршлийн сорилт гээд төстэй зүйлс олон байв. Манайд баримтат кино тэгтлээ сайн хөгжөөгүй энэ үед “Америкийн кино өдөрлөг”-өөр дамжуулж олон асуулт өөртөө тээж, заримд нь хариулт авсандаа үзэгчийн хувьд баяртай байна.
Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог гэсэн. Энэ удаагийн арга хэмжээнд АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрью Гаррисон хүрэлцэн ирж монгол уран бүтээлчдэд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалт явуулсан. “Найруулагчид киноныхоо бүхий л ажилд өөрөө оролцдог зовлон зөвхөн Монголд биш, Америкийн инди уран бүтээлчдэд ч бий. Тиймээс бид дууны найруулгын сургалтыг тэдэнд зориулж хийлээ. Дууны найруулга бол киноны нэг салшгүй хэсэг л дээ. Дүрсээр, текстээр өгөх боломжгүй сэтгэл хөдлөлийг дууны зөв найруулгаар мэдрүүлэх боломжтой байдаг” хэмээн Эндрью Гаррисон хэллээ.
Нийтлэлч Ж.Тэгшжаргал