Дүрст мэдээ

7-р сар 09, 2013

"Сэрсэн тал..." Соёлын Наадам 2013

Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), МЕТАА ХХК (БНСУ-ын Соёлын Стратегийн Зөвлөх Компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын наадмыг 2013 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт зохион байгуулах гэж байна.

Тус наадмыг 2008 оноос хойш Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, МЕТАА-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

2013 оны Соёлын Наадам цар хүрээ өргөжүүлэн ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн Монгол ардын уламжлалт урлагийн төрлүүдийн дээжис болсон Монгол уртын дуу, хөөмэй, бий биелгээ, ардын хөгжмийн “Монгол уламжлал”, “Монгол сонгодог”, “Монгол модерн” урлагийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахын сацуу Монгол зураач, дизайнеруудтай уулзах, тэдний бүтээлээс сонирхох өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.

Соёлын Наадмын үеэр “Монголы нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, хүүхдийн зургийн уралдаан, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын тусгай зоосыг ашиглан сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой.