“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТ БОЛЛОО.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан ТББ билээ.
2008 оноос эхлэн Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих замаар соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Соёл урлагийн залуу манлайлагч” есөн сарын тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 220 гаруй залуус уг хөтөлбөрийг төгссөн бол 2018-2019 оны хөтөлбөрт соёл урлагийн салбарт ажиллаж буй 20 залуу уран бүтээлч, менежер, мэргэжилтэн нар хамрагдан, 2019 оны 05-р сарын 30-ны өдөр төгсөлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчид нь манлайлал, урлагийн менежмент, маркетинг, стратеги төлөвлөлт, төсөл хэрхэн бичих вэ, сан бүрдүүлэлт зэрэг соёл урлагийн бодлогын талаарх өргөн хүрээтэй асуудлаар хорин нэгэн төрлийн сургалтанд хамрагдсанаас гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, танилын хүрээг өргөтгөх “Happy Hour” цуврал уулзалт болон МУЗ-ийн олон нийтийн арга хэмжээнд оролцон туршлага хуримтлуулсан билээ. Мөн урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах 4 бичил төслийг санаачлан хэрэгжүүлсэн.
Уг хөтөлбөр нь шилдэг нэг оролцогчийг шалгаруулан АНУ-д нэг сарын хугацаатай мэргэжлээрээ дадлага хийх боломжийг олгож, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлдэг билээ.
Мөн нийт төгсөгчдийн дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор 6 сая төгрөгийн санхүүжилт бүхий нийгэмд чиглэсэн төслийн уралдаан зарласан бөгөөд уг тэтгэлэгийг Улаанбаатар чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаагийн санаачилсан “All the Time” тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн төсөл шалгаран тэтгэлгээ гардан авлаа.
Цаашид тус хөтөлбөр Монголын нийгэм, соёл урлагийн салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих чиглэлээр тогтвортойгоор хэрэгжих бөгөөд 12 дах жилийн элсэлтээ 9 сард авах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 319015, 319017 утас болон www.facebook.com/ACMFellowshipProgram хаягаар зочлон авна уу.