Дүрст мэдээ

7-р сар 06, 2017

Соёлын Наадам Хүй долоон худагт 10 дах жилдээ

Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран, Наадам зохион байгуулах хороо, Рио Тинто ХХК, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, Төрийн Банкны дэмжлэгтэйгээр Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2017 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт арав дах жилдээ зохион байгуулах гэж байна.

Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй Долоон Худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ Соёлын Наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой билээ.

7-р сарын 11-12-ны өдрүүдэд зохиогдох “Соёлын Наадам”-ын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон ажиллах болно. Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд Уран бичлэг, Эсгий урлал, Цаасан шуумал бүтээл урлал, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Нум сум урлал, Монгол гэр барих, Аврага Монгол, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллах болно.