СОЁЛЫН НААДАМ НАЙМ ДАХ ЖИЛДЭЭ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Солонгосын МЕТАА компани, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг 2015 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг 2008 оноос хойш Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Солонгосын МЕТАА компани, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчид нэгдэн, 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
2015 оны Соёлын Наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо, ХААН Банк ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг, Морьтны гайхамшиг шоу тоглолт зэрэг арга хэмжээгээр дамжуулан Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилна.
Цаашид зохион байгуулагчид “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.
“Сэрсэн Тал” Соёлын наадмын хэвлэлийн бага хурал 2015 оны 7-р сарын 7-ны өдрийн 12.00 цагт Монгол Ньюс ХХК-ны /25-р суваг телевиз/ байранд болох ба дэлгэрэнгүй мэдээллийг хуралд хүрэлцэн ирж авна уу.
Зохион байгуулагч:
Соёл Урлагийн Их Сургууль
МЕТАА Компани, БНСУ
Монголын Урлагийн Зөвлөл
Ерөнхий ивээн тэтгэгч:
ХААН Банк
Ивээн тэтгэгч:
Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо
Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчид:
МҮОНРТВ
UBS TV
C1 TV
ETV
Star TV
ZA TV
news.mn
ikon.mn
eagle.mn