Дүрст мэдээ

6-р сар 05, 2023

СОЁЛЫН ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЭНЭ САРЫН 7-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2021 оноос эхлэн Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтын төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн соёлын өвийн хадгалалт, эртний Хятадын ханын зургийн сэргээн засварлалтын профессор Гуо Хонг, түүх, соёлын дурсгалт уран барилгын хийц, соёлын олдворын хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн Шиао Жинлианг болон Дэлхийн хөшөө дурсгалын сангийн Азийн бүс нутгийн соёлын өвийн хөтөлбөрийг хариуцсан менежер Хунг Ши Чао нар хүрэлцэн ирсэн бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 7-ны 10:00 цагт Чингис хаан музейн V давхрын хурлын танхимд “Соёлын дурсгалт барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт” сургалт зохион байгуулах гэж байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

09.30-10.00               Бүртгэл

10.00 цагт      Үйл ажиллагааг нээж Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл үг хэлнэ.

10.05 цагт                 Дэлхийн хөшөө дурсгалын сангийн Азийн бүс нутгийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер Хунгши Чао мэндчилгээ дэвшүүлнэ.

10.10 цагт                 БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Соёлын өвийн хадгалалт, эртний Хятадын ханын зургийн сэргээн засварлалтын профессор Гуо Хонг “Түүх соёлын, дурсгалт уран барилгын модон бүтээцийн өнгө будгийн онцлог, сэргээн засварлалт” сэдэвт сургалт

11.30 цагт                 Асуулт, хариулт

12.30 цагт                 Цайны завсарлага

14.00 цагт                 БНХАУ-ын Түүх, соёлын дурсгалт уран барилгын хийцлэл болон соёлын түүхэн олдворын сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн Шиао Жинлианг-ын лекц

15.00 цагт                 Асуулт, хариулт

16.00 цагт                 Үйл ажиллагаа хааж, дурсгалын зураг татуулах.

Тус сургалт нь соёлын өвийн сэргээн засварлалт, түүхэн барилгын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хариуцан эрхэлдэг албан байгууллага, хувь хүнд нээлттэй зохион байгуулагдана.  

Дэлхийн хөшөө, дурсгалын сан 1965 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 700 гаруй соёлын биет өв, сүм хийд болон түүхэн, дурсгалт газруудыг сэргээн засварлах төслийг 120 гаруй улс оронд хэрэгжүүлээд байна. Тус байгууллага нь сайн дурын гишүүд, хандивлагчдаас санхүүжилт босгодог бөгөөд зөвхөн соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлахын зэрэгцээ тухайн бүс нутгийн соёлын өвийн байгууллагуудтай хамтран өвийг хамгаалах, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг давхар хариуцан гүйцэтгэдэг юм.

    Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлах ажлыг “Энэржин” ХХК, АНУ, БНХАУ-ын соёлын өвийн сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энэ удаагийн сэргээн засварлалтын ажил 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр дуусах бөгөөд одоогоор тус сүмийн мод, модон эдлэлийн сэргээн засварлалтын ажил хийгдэж байна.