Соёлын дипломат бодлого

1955 оны нэгдүгээр сарын 24 МОМА-д домогт гэрэл зурагчин Эдвард Стайхены удирдсан, нийт 200 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээлийг багтаасан “Хүн төрөлхтний гэр бүл” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийж байв. Үзэсгэлэнгийн зорилго нь дэлхийн II дайны цус нулимс хатаж амжаагүй хөрсөн дээр хүн төрөлхтнийг холбож байдаг нийтлэг үнэт зүйлсийг сурталчлах, хүмүүнлэгийн үзлийг түгээн дэлгэрүүлэх байв.

Тухайн үед Зөвлөлт дэлхийн II дайны түүхэн гавьяа, Ази-Африкийн колони орнуудын тусгаар тогтнолыг дэмжсэн гадаад бодлого зэргээрээ олон улсын тавцанд энх тайванч, эрх тэгш байдлын билэгдэл болоод байсан бол эсрэгээрээ Солонгосын дайн дахь оролцоо нь АНУ-ыг түрэмгий, империалист дүр төрхтэй болгоод байв. Энэ үед олон улс дахь нэр хүндээ өсгөх шаардлагыг олж харсан АНУ-ын Мэдээллийн агентлаг “Хүн төрөлхтний гэр бүл” төслийг санхүүжүүлэн долоон жилийн турш 37 улсаар аялуулж, нийт 9 сая хүний хүртээл болгосон нь дэлхийн нийт дэх АНУ дүр төрхийг эерүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Дэлхийн II дайнаас хойш улс гүрнүүд ашиг сонирхлоо эдийн засгийн болон улс төрийн дарамт шахалтаар тулган хүлээлгэх нь хазаарлагдаж эхэлснээр бусад улс орныг эдийн засаг, соёлын нөхөрсөг харилцаагаар талдаа татаж, ятган сэнхрүүлэх замаар дипломат зорилгодоо хүрэх тухай зөөлөн хүчний гэгддэг онол олон улсын харилцаанд түгж байна.

Зөөлөн хүчний бодлогын нэг гол арга хэрэгсэл нь соёл болдог бөгөөд соёлын зөөлөн хүч, соёлын гадаад бодлого зэргээр нэрлэдэг. Соёлын гадаад бодлогын зорилго нь олон улсын түвшинд улс орны цаашлаад ард иргэд, улс төр, эдийн засгийн бодлогынх нь талаар эерэг дүр төрхийг бүрдүүлэх, түнш орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх зэргээр тодорхойлогдох бөгөөд урлаг, олон улсын үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр зэргээр дамжин хэрэгждэг.

Технологийн хөгжил даяаршлын үйл явцыг хурдасгаснаар улс үндэстнүүдийн хоорондын харилцаа төрөөс эхлээд иргэдийн түвшинд байнгын шинжтэй болж, харилцан ойлголцол улам бүр зайлшгүй болж байгаа нь улс орнуудын соёлын гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулахыг шаардаж байна. Мөн эрчимтэй даяаршлын эринд дангаарших, үндэсний соёлоо хадгалан үлдэх үйл явц нь өв соёл онцлогоо зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд сурталчлах таниулах замаар хэрэгжих боломжтой. Жишээлбэл, морин хуур хөгжмийг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлсэн явдал манай улсын соёлын дипломат бодлогын өв соёлоо хадгалах, түгээх чиглэлд хийсэн нэгээхэн амжилттай алхам юм.


АНУ болон барууны улс орнууд түүхийн явцад өөрсдийн соёлын давхаргыг бий болгож чадсан бол сүүлийн жилүүдэд Япон, Хятад, Солонгос зэрэг Зүүн өмнөд азийн улс орнууд зөөлөн хүчний бодлогыг чадамгай явуулж, дүр төрхөө шинээр тодорхойлж байна. Урлагийн түүхч, соёлын бодлого шинжээч Ж.Бодьбаатар “Эдгээр улс орнууд тусгайлсан төрийн институц бий болгож, урт хугацааны баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Англи хэлтнүүдийн “Солонгосын давлагаа” гэж нэрлээд байгаа зөөлөн хүчний бодлого нь сүүлийн жилүүдэд бүс нутгийн хэмжээнээс хальж глобал шинжтэй болж байгааг бид харж байна. Ийм зөөлөн хүчний бодлого манайх шиг соёлын бодлогоо хараахан тодорхойлж амжаагүй улсуудад орж ирэхээрээ паник үүсгэдэг. Жишээ нь, сүүлийн жилүүдэд Солонгосын соёлын эзлэн түрэмгийлэл гэсэн албан ёсны бус ойлголт бараг л үүсээд байна” гэлээ. Харин манай залуу хэвлэлийн компаниудын нэг “Тагтаа” паблишингийг үндэслэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан “Одоогоор бидний санхүүгийн нөөц бололцоо ийм бодлого хэрэгжүүлэхэд даан ч хол байна гээд Жишээ нь,Улаанбаатарт Солонгос хэл суръя гэвэл хямд бүр үнэ төлбөргүй сургалтууд олдоно. Нэмээд тэтгэлэгт хөтөлбөр маш олон. Очсон хойно урлаг утга зохиолын тухай мэдээ мэдээллээ хангалттай өгчихнө. Хариуд нь гэртээ очсон хойноо манай уран зохиолыг сайн сурталчилна, болбол орчуулна шүү гэсэн ганц л зүйл хүсдэг. Тэгвэл Монгол хэлийг сурах ийм сайхан боломж бий гэж үү хэмээв. Нэгэнт ийм нөхцөл байдалд гадаадын судлаач эрдэмтдийг урьж, өөрсдийнхөө өв соёлыг судлуулах, тэднээр дамжин дэлхийд танигдах арга зам бодитой байж магадгүйг тэр онцолсон.

Одоогоор манай улсад соёлын гадаад бодлогын албан ёсны бичиг баримт байхгүй. Гэхдээ ойрын нэг жил гарны хугацаанд Гадаад хэргийн яам Гадаад сурталчилгаа мэдээллийн газар гэсэн нэгж байгуулж, Монгол улсыг гадаадад сурталчлах албан ёсны хөтөлбөр батлаад байгаа нь бодлого тодорхойлогчид соёлын талбарт анхаарлаа хандуулж эхэлсний илрэл байх гэдгийг Ж.Бодьбаатар шинжээч өгүүлсэн.

Нэгэнт нэгдсэн бодлого төлөвлөлт байхгүйгээс одоогийн Монголын соёлын гадаад дахь сурталчилгаа нь ихэвчлэн хувь уран бүтээлч эсвэл нэгдлийн эрэл хайгуулаар тодорхойлогдож байна. Сүүлийн хэдэн жилд кино урлагийн салбарт “Алсын удирдлага” киногоороо Пусаны кино наадмаас шагнал хүртсэн С.Бямба, дүрслэх урлагийн салбарт Монгол улсыг төлөөлөн Венецийн биеннальд оролцсон Х.Үнэн-Энх, Т.Энхболд гээд олон улсын тавцанд тодорхой хэмжээнд танигдсан төлөөллүүд салбар бүрт нэг бус бий болж байна. Гэвч нэгдсэн бодлого, дэмжлэггүйгээс энэ нь хараахан соёлын дипломат бодлого, зөөлөн хүчний бодлогын хэмжээнд очиж чадахгүй байгааг Ж.Бодьбаатар дурьдсан. Түүний бодлоор энэ үзэгдэл нь нэг талаасаа Монголчуудын олон улсын тавцанд гарах гэсэн амбиц нэмэгдсэнтэй, нөгөө талаасаа гадаад ертөнц Монголчуудыг сонирхож байгаатай холбоотой гэнэ. Сэтгэлгээний түвшинд өрнийн ертөнцөд эргээд үндэс рүүгээ буцах гэсэн, тэнд мартсан, гээсэн зүйлсээ сэргээх гэсэн хүсэл байна. Энэ бүхэн Монголд агуулагдаж байгаа нь тэдний сонирхлыг төрүүлж байгаа байх хэмээн тэр тайлбарлав. Гэхдээ гадаад ертөнцийн Монголыг сонирхох сонирхол мөнх насгүйг ч тэр онцолсон. Ж.Бодьбаатар Магадгүй 10 жил ч юм уу үргэлжлэх байх. Хэрвээ энэ хугацаанд бид нар зөв бодлого хэрэгжүүлж чадвал энэ хугацааг уртасгаж чадна. Жишээ нь БНХАУ соёлын хувьд ч эдийн засгийн хувьд ч маш сонирхол татсан субъект байсан бол энэ байдал сүүлийн үед аажмаар саарч байна гэв.

Мөн Ж.Бодьбаатар зөөлөн хүчний бодлогыг пропогандагээс ялгах хэрэгтэйг онцолсон юм. Пропоганда бол богино настай, магадгүй зарим тохиолдолд эерэг бус сөрөг үр дүнд ч хүргэх аюултай байдаг. Манай улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад урт хугацааны бодлого боловсрох боломжгүй, мэргэжсэн мэргэжилтнүүд дутагдалтайгаас шалтгаалаад заримдаа зөөлөн хүчний гэж нэрлээд байгаа бодлого нь пропоганда болчих нь бий” гэв.

Монгол уран бүтээлчид олон улсын зах зээлийн механизмын талаар ойлголт нимгэнтэй нь олон улсын тавцанд танигдахад нь саад болдгийг Б.Баясгалан уран зохиолын талбараар төлөөлүүлэн “Манай зохиолчид хэн нэгнээр номоо гадаад хэл рүү орчуулуулж, өөрөө хэвлээд л зохиол бүтээл нь гадаад хэлнээ орчуулагдсан гэж ярьдаг. Гэтэл зах зээлийн механизмаараа бол хэвлэлийн компаниуд нь өөрсдөө хэвлэх зохиолоо сонгож, хэвлээд менежментийг нь хийж зах зээлд таниулдаг. Энэ дунд уран зохиолын мэргэжлийн сэтгүүлүүд зохиолч хэвлэгч хоёрыг холбож оршдог. Тэгэхээр юун түрүүнд тэр сэтгүүлүүдэд тоогдох нь чухал” гэж тайлбарлав. Уран зохиол нь дүрслэх урлаг, хөгжим зэрэг салбар шиг юниверсал хэлгүй нь олон улсын тавцанд танигдахад саад болдгийг мөн тэр онцолсон. Иймд гадаад хэл дээр туурвих эсвэл орчуулагдах гэсэн хоёр боломж үлддэг. Гадаад хэл дээр туурвихын тухайд гадаад хэл дээр бичигдсэн зохиол нь Монголын уран зохиолын өв гэж үзэх эсэх, ер нь Монгол уран зохиолыг тодорхойлогч амин сүнс нь Монгол хэл үү, Монголын тухайн агуулга уу эсвэл энэ хоёр хамтдаа юу гэсэн төвөгтэй асуулт руу хөтөлдөг байна. Уран зохиолын орчуулгыг буун буй хэлнийх нь унаган хүү орчуулж гэмээнэ илүү амьд сэргэг болдог болохоор монгол хэл, сэтгэлгээ, ахуйтай ойр өссөн орчуулагчид хэзээ бий болох вэ гэдэг чухалыг Б.Баясгалан тайлбарлав. Тэр магадгүй гадаадад төрж өссөн билингуал буюу хоёр хэлт хүүхдүүд эрийн цээнд хүрэх үед ийм орчуулагчид төрөх боломжтой хэмээн найдвар тавьсан.

Ж.Бодьбаатар соёлын бодлогын талбарт Монголд Исланд, Казахстан улсууд сайн үлгэр жишээ байж болно гэж үздэг. Сигур Рос, Бьёрк гээд Исландын хөгжмийг дэлхий даяараа сонсож байна. Тэгвэл Казахстаны кино урлаг урлагийн түвшинд ч арилжааны утгаараа ч эрчимтэй хөгжиж байна. Энэ хоёр улсууд эдийн засгийн хүчин чадал, хүн амын тоо гээд бүхий л талаараа АНУ, Солонгосоос илүү Монголтой ойр хэмээв.

Хэдийгээр Монгол соёл үгүй болж байна, Монголчууд мөхөж байна гэж хаа сайгүй ярих болсон ч Ж.Бодьбаатар энэ тал дээр өөдрөг бодолтой байдаг. Тэр үүнийг даяаршлаас үүдэлтэй байх ёстой процесс гэж үздэг бөгөөд харин үүнд бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухайгаа л ярих хэрэгтэй байна гэлээ.


Нийтлэлч А.Амармэнд