Соёлын бүтээлч үйлдвэрлэл бодит уу, эсвэл хоосон мөрөөдөл үү -Бид Монголоос Нобелийн шагналтан төрүүлэхийн төлөө ажиллах ёстой-


Гайгүй боловсролтой, соёлтой гэж харагддаг, төрд ч, хувийн хэвшилд ч ажилладаг хэд хэдэн хүн “Соёлоо хамгалалгүй яах вэ. Харин урлагт төрөөс хөрөнгө зарна гэж юу байдаг юм бэ. Дуулж, хуурдаж, бүжиглэж, кино хийж, эсвэл зураг зурж өөрөөр хэлбэл маш амархнаар амьдралаа залгуулдаг уран бүтээлчид гэх хүмүүс яаж зах зээлээ олно, төрд хамаатай юм уу. Тэдний өгсөх, уруудах ер нь хэнд хамаатай юм. Дуртайдаа л ийм мэргэжилтэй болоо биз дээ” гэсэн утгатай үг хэлж байхыг хэдэнтээ сонссон. Зарим нь яг ийм утгаар жиргэж бусдыг хэлэлцүүлэгт дуудаж ч байв. Энэ бол зөвхөн зах зух нь. Соёл урлагийн салбарт ажиллагсдын талаарх нийгэм дэх ойлголт бараг л энэ. Соёл урлагийн салбарынхан олон түмэнд яагаад ингэж харагдах, ойлгогдох болов. Тэдний хөдөлмөрийн үр өгөөж зөвхөн өөрсдөд нь очдог уу. Нийгмийн хөгжилд ямар ч хувь нэмэр оруулдаггүй салбар уу. Үүнд тайлбар хийхийн тулд нэлээд “урт зам” туулах гээд байсан юм.
Гэтэл ердөө саяхан буюу энэ оны тавдугаар сарын 20, 21-нд болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганд оролцох боломж олдов. БСШУЯ, СУИС санаачлан МУЗ-тай хамтран зохион байгуулсан уг чуулганаар дэвшүүлсэн, хэлэлцсэн асуудлууд, өгсөн, авсан хариулт бүр дээрх боловсролтой, соёлтой нөхдийн асуултанд хариу болов. Соёл, урлагийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд, хувь уран бүтээлчдийг олноор хамруулсан, гадаадаас энэ чиглэлд мэргэшсэн зөвлөхүүдийг урьж үгийг нь сонссон тус чуулган үр дүнтэй болсон юм. Чуулганы явцад төрсөн бодол юу вэ гэвэл урлаг гэдэг хүмүүсийг баясаан хөгжөөх хэрэгсэл эсвэл үзэл суртлын зэвсэг бус харин эдийн засгийн үр өгөөжтэй салбар, хөгжлийн хөшүүрэг ажгуу. Энэ талаар илтгэл тавьж, үг хэлсэн хүмүүс юу ярив.
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн:
Бид соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх тухай байнга ярьдаг. Монгол соёлын өвөө хамгаалъя, үндэсний соёлоо аваръя, өөрийн хэл соёлтойгоо үлдэе гэж. Бүтээлч үйлдвэрлэл, соёлын үйлдвэрлэл гэж хэлэх ялгаагүй. Нэг л утга юм. Бүтээлч гэдэг нь тодотгол бөгөөд өргөн утгаараа бол бүтээлч хүнийг бий болгох соёлын үйлдвэрлэл юм. Олон улсын чуулган зохион байгуулдаг нь хөгжлийн энэ чиг хандлагыг олон хүнд мэдрүүлэх зорилготой юм. Өнөөдөр бид соёлын үйлдвэрлэл хөгжүүлье гэж байгаа л бол хүн өөрөө өөрчлөгдөх шаардлагатай. Сэтгэлгээгээ, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө, өөрийнхөө амьдралд, ажилдаа, нийгэмд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүнийг ингэж өөрчилнө гэдэг нь бүтээлч хүн бий болгоно оо гэсэн үг.
Бүтээлч бус сүйтгэгч үйлдвэрлэлүүд байна. Соёлын буюу бүтээлч (creative) үйлдвэрлэл гэхээр оюуны өндөр чадамжтай, уран бүтээлчийн онцгой авьяас, сэтгэлийн эерүү, энэрэхүй шинжийг гүн гүнзгий тээсэн, байгальд болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт хор хөнөөлгүй, хүний эрх зөрчихгүй, хувь хүнд, тухайн үндэстэн, угсаатны бүлэгт болоод нийгэмд үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хэлж байгаа юм. Хүний эрх, зохиогчийн эрх хангагдсан, хадгалагдсан, урлагийн мэргэжлийн өндөр ур, түвшинд хийгдсэн, үндэсний гоц гойд шинжийг хадгалсан, дахин давтагдашгүй шинжтэй үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээг соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд байгаа юм.
Зөвхөн ашгийн төлөө явж байгаа бизнес, эдийн засаг ардаа нийгмийн сөрөг үр дагавартай байдгыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн. Хэдэн зуу, мянга, сая, тэрбумаар үйлдвэрлээд ашиг хөөгөөд байтал эцэс сүүлд нь үйлдвэрлэгч хүн хүртэл өөрөө “хог” болох боллоо. Хүний оронд машин ажил хийж, хэдэн тэрбум долларын ашиг олох болсны хэрээр хэдэн сая хүн ажилгүй болж амьдрал, амжиргаа нь хүндэрч байна. Энэ бол бүтээгч бус “сөнөөгч” үйлдвэрлэл. Тэгэхээр өнөөдөр хүн төрөлхтөн аливаа шинэ мэдлэг, оюуны нөөц бололцоон дээр суурилсан үйлдвэрлэл, хөгжлийг дагадаг болъё гэх болсон.
Хувь хүний хөгжил гэдэг нийгмийн хөгжил, үндэстний хөгжил. Тэгэхээр эцсийн дүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол бүтээлч хүнийг бий болгох тухай л бодлого юм. Бүтээлч монгол хүнийг бий болгож чадвал Монгол хөгжинө.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь:
Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг “Урлагийн бүтээл, санаа+Зохиогчийн эрх+Үйлдвэрлэл+Борлуулалт”-ын нийлбэр гэж томъёолж болно. Монголд зөвхөн урлагийн салбар тэртээ социализмын үед үүссэн тэр л хэв загвараараа оршин тогтнож ирснээс өнөөдөр манай улсад бүтээлч үйлдвэрлэл гэдэг мэдлэг болон авьяасд суурилсан эдийн засгийн салбар огт бий болоогүй. Нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож олох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер буюу БӨӨН-ий хэв загвар байна. Ийм ч учраас энэ салбарын хөгжилд санаа зовогсод “Бөөн”-ийг “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн нэр томъёотой ёс юм шиг хамт хэлээд байгаа юм. Бидний хэсэг хүн төр засгаас энэ чиглэлд бодлого боловсруулж, БӨӨН барьж байгуулахыг хүлээх зуурт түүний жижигсгэсэн хувилбарыг МҮОНРТ-ийн байранд туршиж үзэх санаачилга гаргасан. “Кино инкубатор” хэмээн нэрлэгдэх энэхүү төсөл бол бүтээлч үйлдвэрлэлийн БӨӨН-д хүрэх хамгийн наад захын практик алхам юм.
Жүжигчин Б.Амарсайхан:
Монголчууд бид маш олон төрлөөр соёлын үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Бид зоривол хүрч чаддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Хөсөгтөн” хамтлаг ямар амжилт гаргасныг бүгд харлаа.


Би өөрийн ажилладаг киноны салбарыг аваад үзье л дээ. Би СУИС төгссөн, Монгол Улсын нэг бүтээгдэхүүн. Манай сургуульд гадаад хэл дээр байтугай киноны тухай юу ч заадаггүй. Зөвхөн драмын тухай заадаг. Гэтэл би өөрөө зүтгэж яваад Америкийн агентлагтай гэрээ хийгээд дэлхийн кинонд тоглолоо. Өөртөө зам нээж, түүгээрээ урагшилж байна. Очих гэж харсан цэгтээ очдог болж байна. Үүнийг би хувьдаа бүтээлчээр ажиллаж байгаа гэж ойлгодог. Кино бол маш өргөн хүрээний үйлдвэрлэл бөгөөд тухайн үндэстний хөгжлийн нөлөө бүхий зэвсэг. Өнөөдөр би энэ үйлдвэрлэлийн нэг эрэг, шураг нь болоод явж байгаагийнх энэ чиглэлийн үйлдвэрлэлийг явуулахад юу хэрэгтэй байгааг сайн мэднэ. Сая “Марко Поло” киноны зураг авалтыг Казахстанд хийхэд нэг сарын дотор 26 сая доллар төлж байна билээ. Хэрвээ энэ зураг авалтыг Монголд хийсэн бол манай улсын бүх продакшнууд хөл дээрээ босох байсан. Казахстан юугаар илүү байсан, тэнд кино үйлдвэр байсан. Тэгэхээр бид үйлдвэрээ барих ёстой байгаа биз. Дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Татвар зэргээ хуулийн орчинд нь зохицуулах ёстой. Үйлдвэртэй, өөрөөр хэлбэл байр, тоног төхөөрөмжтэй болчих юм бол тэнд зураг авалт, эвлүүлэг, пост продакшн гээд бүгдийг хийж болно. Кино үйлдвэрлэлийн хөгжил эндээс л эхэлнэ.

Киноны тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, кино найруулагч, зураглаач Д.Баярсайхан:
Манай улс өнөөдөр кино урлагийн талд нэгдсэн бодлогогүй байна. Гэхдээ 1990-ээд оноос хойш тавиад туучихсан энэ салбараа өөд нь татахын төлөө байгаа. Ихэнх улс орнууд киноны тухай тусгайлсан хуультай байдагчлан манайх ч гэсэн киноны тухай хуультай болохоор ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлах” нь чухал байгааг тодорхойлсон. Хуулийн төсөл батлагдвал кино урлагийн салбарт баримтлах бодлого чиглэл тодорхой болж, улмаар үзэгчдийн оюун санааны эрэлт хэрэгцээ, хүүхэд залуусын уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжилд дорвитой ахиц гарах ба уг хуулийг баталснаар киноны салбарт тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх таатай боломж бүрдэх юм.
Загвар зохион бүтээгч Сүрэнжавын Ариунаа (Ариунаа Сүри):
“Made in Mongolia” гэсэн брэнд нэр шинэ соргог, онцлог, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн байдаг. Монгол брэнд нь цаг уур, байгалийн шалгарлаас бий болсон түүхий эдээс бүтсэн байх нь элбэг, бүтээгдэхүүн олон улсад экспортын татваргүй гардаг. Манайх ноос, ноолуур, арьс шир, нэхий зэрэг түүхий эдийн шавхагдашгүй нөөцтэй. Сүүлийн жилүүдэд монгол дизайнерууд өөр өөрийн чиглэлд урагшлахын тулд эрч хүчтэй ажиллаж байгаа. Гэсэн ч бидний өмнө тулгамдсан асуудал олон хэвээр байна. Зөвхөн загварын салбарын мэргэшсэн менежмент, борлуулалт, маркетингийн боловсон хүчин байдаггүй. Нарийн мэргэжлийн инженер, техникийн залуу үе бэлтгэгдэхгүй байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн чадамж байхгүй. Уг нь үндэсний брэнд хөгжүүлэх нь олимпийн аварга бэлтгэхээс дутахгүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг ойлгож төр засгаас хөрөнгөөр дэмжих шаардлагатай байна. Монголын брэндийг дэлхийн зах зээлд гаргаснаар түүхий эд материал үнэгүй шахам гадагш гарах биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж гарах нь хаа хаанаа ашигтай, Монгол Улсын эдийн засагт өндөр үр өгөөжтэй нөөц болон үлдэнэ гэж үзэж байна.
АНУ–ын Сиэтл хотын Урлагийн Сангийн дэд ерөнхийлэгч асан, эрдэмтэн Двайт Жи:
Би 20 гаруй жилийн турш урлагийн эдийн засгийн үр нөлөөг олон талаар судалж байна. Урлаг гэдэг өөрөө бизнес. Эдийн засгийн судалгаагаар урлаг бол зочид буудал, ресторан, аяллын компани, банкууд шиг маш их ач холбогдолтой, эдийн засгийн нөлөө бүхий үйлдвэрлэл юм гэсэн дүгнэлт гардаг. Энэ судалгаагаар ажиллагсдын тоо, цалингийн хэмжээ, хотын болон улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татвар төлсөн хэмжээ гээд олон талаас нь авч үздэг. Ингэж судлахад урлаг бол өсөлт сайтай, эрүүл эдийн засгийн хамгийн чухал хэсэг юм гэсэн дүгнэлт гардаг.
Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх Том Флэминг:
Дэлхий шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн байна. Монгол шиг улс шинэ зүйлсийг хийж чадна. Хүн ам цөөтэй хэрнээ хүн ам олонтой зах зээлд ойр байна гэдэг бол боломж. Дани, Исланд, Финланд зэрэг улсын дотоод зах зээл жижигхэн ч гэсэн газар зүйн байрлал тэдэнд давуу талыг олгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа тэргүүлсээр байна. Монголд ч гэсэн үүн шиг боломж байгаа гэж харж байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр:
Монголчууд бусдад өөрийнхөө соёлыг харуулах чиглэлд үйлдвэрлэл эрхэлснээр ирээдүйд дэлхийд хүчээ авах соёлын үйлдвэрлэлийн тэр том талбарт өөрийн гэсэн орон зайтай болно. Үүний тулд нэгдүгээрт тийм үйлдвэрлэл эрхлэх хүн бэлтгэхэд боловсролын асуудал хариуцсан яам онцгой анхаарах ёстой, хоёрдугаарт монгол соёлыг хүн төрөлхтөнд хүргэж, таниулах бизнесийг төрийн хүчтэй бодлогоор дэмжих ёстой. Ийм хоёр тулгуурт бодлогын дүнд Монголд соёлын үйлдвэрлэл хөгжинө.
СУИС-ийн захирал, чуулганыг зохион байгуулагч Э.Сонинтогос
Өнөөдөр бүтээлч хүнийг бэлтгэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх тухай яриа зөвхөн Монголд төдийгүй олон улсад ид өрнөж байна. Саяхан би Европын урлагийн их дээд сургуулиудын удирдах зөвлөлийн хуралд оролцоход тэнд хэлэлцүүлсэн нэг гол илтгэл нь Бүтээлч үйлдвэрлэлийг урлагийн боловсролтой хэрхэн холбох тухай байсан. Тэгэхээр энэ сэдэв бол дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хөтөлбөрөө энэ үүднээс харж бид сургалтынхаа шинэчлэлийг хийж байгаа. Соёл урлагийн салбарынхан баялгийг бүтээдэг нэмүү өртгийг бий болгоход онцгой үүрэгтэй гэдэг ойлголтыг өөрсөддөө болон өөр бусад салбарынханд баттай бий болгох нь бидний зорьсон нэг санаа юм. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр төгсөгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдэг үүднээс СУИС дайчин, идэвх санаачилгатай ажиллах болно. Урьсан уран бүтээлч, шинжээч, судлаачид маань бидний хамтран ажилладаг их дээд сургуулийн багш, судлаачид болохоор чуулганыг зохион байгуулахад дөхөмтэй байлаа. Чуулганд Монголын олон залуу уран бүтээлч оролцож байгаа нь итгэл найдвар төрүүлж байна. Хамтын оролцоо их чухал.

БСШУЯ-ны газрын дарга, чуулганыг зохион байгуулагч Д.Гантөмөр:
Хүн өөрөө оршин байж, хүн хүнээрээ байх, нийгэм хөгжин дэвших гол түлхүүр нь соёлын салбарт байна. Энэ бодлогыг бодитой болгоход соёлын бүтээлч үйлдвэрлэл гүүр болно гэдгийг манайхан ярьж байна. Яам Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг эхний боловсруулсан байдлаар сая чуулганд танилцууллаа. Үүнд соёл урлагийн салбарын менежментийг бүхэлд нь өөрчлөх, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг өөр түвшинд гаргах үндэслэл орсон. Мөн монгол хүний давтагдашгүй санаа, авьяас, бүтээлийг дэлхийн зах зээлийн эрэлттэй хэрхэн уялдуулах, түүнд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хөнгөвчлөх, ашиглахад ойлгомжтой болгохын тулд ямар шийдэл байгааг тусгахыг хичээсэн.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулганаар кино, дизайн урлагийг сонгон авч тэргүүлэх чиглэл болгон ярьж байгаа нь эдгээр салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дагаад бусад салбар нь давхар хөгжиж байдаг онцлогтой нь холбоотой юм. Энэхүү чуулганы хүрээнд бид киноны дэлхийн томоохон уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа, тэд манайд олон чухал санал тавьж байна. Дэлхийн соёл урлагийн хөгжлийн чиг хандлага, сэдэв, агуулга нэлээд хумигдаж харин ч хүн байгалийн зохицлыг эрхэм болгосон натур амьдралын сэдэв рүү эргэн ирж байгаа юм байна. Монгол бол аль ч талаараа үүний жинхэнэ уул уурхай болсон орон. Дахин давтагдашгүй задгай, танхай сэтгэлгээгээ бид суурь язгуураар нь хөгжүүлэх шаардлагатай. Өөрт байгаа давтагдашгүй ганц зүйлээ гарган ирж уран бүтээл болгоход орон нутаг ч анхаарах хэрэгтэй юм.
Бид Монголоос Нобелийн шагналтан төрүүлэхийн төлөө ажиллах ёстой. Нэг сайн зохиол олон сайн бүтээлийн үндэс болдог юм байна. Хятадын кино найруулагч Жан Жак Ано сайн зохиол, сайн санаа байхад мөнгөтэй хэсэгтэй холбон дэлхийн зах зээлд гаргаад ирэх боломж их байдаг тухай ярьсан. Тэгэхээр бидний гол зорилго бол монгол сэдэв, монгол агуулгыг инноваци шингэсэн шинэ бүтээл болгон оюуны өмчийн эрхийн дагуу дэлхийн зах зээлд гаргах явдал.
Зах зээлийн үе шат бүхэнд байгууллагуудаа хуулийн дагуу дэмжиж, татварын хөнгөлөлт бий болгож, НӨТ-өөс чөлөөлж, хөгжлийн тодорхой орон зай, цаг хугацаанд нь БӨӨН бий болгон, гадаад зах зээлд гарах маркетингийн дэмжлэг, эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн урамшууллын агуулгыг бодитойгоор бий болгохыг бид зорьж байна.
Хоёр өдөр танхим дүүрэн хүнтэй, маш их ажил хэрэгч уур амьсгалд болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж, бодит үйл хэрэг болгохын төлөө бүтээлчээр хандсан соёл, боловсрол аль ч талаасаа манай яамны байнгын түшиг СУИС-ийн хамт олонд болон хамтран ажилласан Монголын урлагийн зөвлөл, ШУТИС, ХАҮТ, МҮОНРТ, нийт уран бүтээлчдэд БСШУЯ-ны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” чуулганд оролцсон, илтгэл тавьж, үг хэлсэн хүмүүс ийн ярьж байна. Салбар бүртээ мэргэшсэн эдгээр мэргэжилтний үзэж байгаагаар болон соёлын чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй хүмүүсийн хэлж байгаагаар соёл урлаг нь сөнөөгч бус бүтээгч, эрүүл эдийн засгийг тэтгэгч амин чухал салбар болох нь харагдаж байна. Гагцхүү энэ чиглэлд олон нийтийн болоод төр засгийн анхаарлыг илүүтэй хандуулах, сэтгэлгээ төлөвшүүлж, хандлага бий болгож чадах аваас соёлын бүтээлч үйлдвэрлэл хүчээ авна. Тэгвэл 2050 он гэхэд олон улсад 350 их наяд ам.доллараар хэмжигдэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээлд Монгол Улс өөрийн гэсэн орон зайтай байж байх нь ээ. Энэ бол хөгжил бөгөөд монголчуудын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг хоосон мөрөөдөл бус харин бодитоор биелэх зорилго, зорилт гэж харагдаж байна. Гагцхүү үүнд төрийн алсын хараатай дэмжлэг хэрэгтэй.

Нийтлэлч Р.Оюунжаргал