Дүрст мэдээ

6-р сар 30, 2015

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж байна

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул туршилт, хамтын бүтээлийн нүүдлийн урланг 2015 оны 6 сарын 27-ноос 7 сарын 6-нд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулж байна.


Нүүдлийн урлан төсөл нь МУЗ Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш жил бүр “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан сэдвийн дор дүрслэх урлаг, медиа, фото, перформансийн чиглэлээр зохион байгуулагдаж ирсэн.

Харин 2015 онд “Салхийг мэдэр” шинэ сэдвийн дор хөгжмийн чиглэлээр зохион байгуулагдаж, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бий болгох, хөгжмийн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран бүтээн туурвиж байна.

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан нь энэ жил хөгжмийн төслийн анхдагч санааг уран бүтээл болгон үзэгчдэд тоглолтоор 2015 оны 7-р сарын 6-нд толилуулах ба Монголын залуу хөгжмийн зохиолч, хөгжмийн хамтлагууд, хөгжимчин дуучин зэрэг 6 хүн, Солонгосын хөгжимчид уран сайхны удирдагч найруулагчийн хамт 8 хүн оролцож харилцан туршлага солилцон бие биенээ урамшуулан хөглөж шинэ уран бүтээл туурвих болно.

Хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, ятга, эвэр бүрээ, товшуур, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний үлээвэр ба цохивор хөгжмүүд, ёочин зэргээс гадна акустик ба цахилгаан гитар, бөмбөрийн сет зэрэг Монгол Солонгос европ хөгжмүүд багтана. Уран бүтээлчид Өмнөговь аймагт Монголын говийн үзэсгэлэнт газруудад гоцлол, цөөхүүл хоршил мэт олон янзын бүрэлдхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон тоглож байгалиас онгод урам авч хөгжмийн анхдагч санааг шинэ бүтээл болгон хөгжүүлнэ.

Бид Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцийн хүрээнд өөр бусад орны соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж соёлын олон төрөл зүйлсийг багтаасан оюуныг сэргээсэн, гоозүйн таашаал авчрах хөгжмийг олны хүртээл болгох, хүн байгалийн харилцаа холбоог уран бүтээлдээ тусгахыг зориж байна.

Монголын говийн үзэсгэлэнт байгалийн сайхан, тэндээс өгөгдөж байгаа өгөгдөл уран бүтээлчдийг дотоод ертөнцдөө нүүдэлчдийн хөгжмийн хэллэгийн тухай эргэн бодож, дуу авиа, хөгжмийн орон зайн шинэ хандлагыг бий болгох юм. Уран бүтээлчид өөрсдийн хэзээ ч хөгжимдөж байгаагүй байгалийн өвөрмөц тогтоц бүхий орчинд өөрсдийн төсөөлөл, бүтээл сэтгэлгээгээ сэргээн хөгжүүлж аливаа тогтсон урсгал жанр, хөгжмийн хэлбэрт баригдалгүй, бүтээлч шинэ хандлагаар хөгжимдөх болно.

Салхи бол хөдөлж буй агаар. Салхи үл харагдах боловч үүлийг нүүлгэж, мод ургамлыг хөдөлгөж, байгальд дуу чимээ гаргадагийг бид харж сонсдог.
Бидний оюун санаа бас л үл үзэгдэгч хэдий ч бодол санаа үйлдэл болон илэрдэг. Хөгжим бол оюун санааны үр жимс, салхи мэт нүдэнд харагдахгүй ч дуу эгшиг нь агаарт оршиж бидэнд сонсогддог. Хөгжмийн эгшиг салхиар дамжин алс хол хүрч хаа нэгтээ уул хад цохио мөргөж, байгальд шингэн дуусдаг.
Салхи чөлөөтэй урсаж байгаль орчинд хөдөлгөөн өөрчлөлтийг авчирдаг. Нүүдлийн урланд уран бүтээлчид галбын говийн салхийг мэдэрч оюун санаагаа чөлөөлж уран бүтээлийн туршиц, эрэл хайгуулыг хийж шинэ өөрчлөлтийг авчрах болно.