Дүрст мэдээ

8-р сар 26, 2016

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжиж байна

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээлийн нүүдлийн урланг 2016 оны 8 сарын 30-наас 9 сарын 7-нд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

МУЗ нь Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг дүрслэх урлаг, хөгжмийн урлагийн чиглэлээр жил бүр зохион байгуулж ирсэн. 2016 онд нүүдлийн урлан хөтөлбөрийг “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг бий болгож байна.

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудад 9 хоногийн турш аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвина.

Эдгээр Солонгос Монгол уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 2016 оны 9-р сарын 7-нд 19 цагаас ганцхан удаа зохион байгуулна. Тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, ёочин, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний цохивор хөгжмүүд, орчин цагийн даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафон зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг үзэгчдэд толилуулна.

МУЗ нь Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцийн хүрээнд өөр бусад орны соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, оюуныг сэргээсэн, гоозүйн таашаал авчрах шинэ хөгжмийг олны хүртээл болгож байгаадаа баяртай байна.

https://www.facebook.com/events/634133256769073/