Хөтөлбөр

9-р сар 06, 2019

ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-НИЙ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

Хөтөлбөрийн зорилго:                                                                    

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Орифлэйм Монгол ХХК-ны дэмжлэгтэйгээр “Орифлэйм Монгол ХХК-ний нэрэмжит тэтгэлэг”-ийг 8 дахь жилдээ зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Консерваторийн (МУК)-д амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх замаар Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой болно.

Хөтөлбөрийн хамрах хүрээ:                             

МУЗ нь МУК-д суралцаж буй орлого багатай өрхийн онц сурлагатай, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, авьяастай 5 оюутанд 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгоно.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

1. Хөтөлбөр нь 2019 оны 09-р сарын 06-аас 2020 оны 5-р сарын 31-ийг дуустал хэрэгжинэ.

2. Хөтөлбөрт оролцох 05 оюутны материалыг МУК-ийн Сургалт Хариуцсан захирлын албанаас 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн дотор МУЗ-д хүргүүлнэ.

3. Хавсралт 1-д Хөтөлбөр хэрэгжих хугацаа-г дэлгэрэнгүй харуулав.

Сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлт:

1. Оюутаны улирлын голч дүн 3-аас  дээш байх оноо байх

2. Тухайн оюутан сурагч нь авьяастай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, дээр заасан мэргэжлээр дэвшин суралцах хүсэл эрмэлзлэлтэй, нийгмийн идэвхтэй байх

3. Өрхийн орлогыг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулах

Сонгон шалгаруулалт:         

1. Анхан шатны сонгон шалгаруулалтыг МУК хийнэ.

2. Эцсийн сонгон шалгаруулалтыг МУЗ-д ирүүлсэн материалыг үндэслэн сонгон шалгаруулах хороо явуулна. Тус хорооны бүрэлдэхүүнд МУЗ болон Орифлэйм Монгол ХХК болон холбогдох байгууллагын төлөөлөл багтана.  

3. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан сурагчдад тэтгэлэг хүртэх эрхийн бичгийг гардуулах ба эрхийн бичигт хэдэн төгрөгийн тэтгэлэг олгохыг заасан байна.

Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал:

1. Анкет (маягтын дагуу, Хавсралт 2), цээж зураг (3х4 хэмжээтэй).

2. Сургуулийн албан ёсны тодорхойлолт, албан бичиг (тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвхи, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна).

3. Тухайн жилийн сургалтын дүн (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна).

4. Өөрийн ирээдүйн зорилго, зорилт, сонирхол, эзэмшихийг хүсэж байгаа мэргэжлийн талаар компьютерээр цэвэр гаргацтай бичсэн 250-аас доошгүй үгтэй эссэ.

5. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлж байсан, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар.

6. Өрхийн орлогын болон ам бүлийн тодорхойлолт (харьяалагдах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн  тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна). 

7. Эцэг эх, асран хамгаалагчийн цалингийн тодорхойлолт.

8. Бүрдүүлсэн эдгээр материалыг дээрх дарааллын дагуу байрлуулан үдэж А-4-ын хэмжээтэй дугтуйд хийж битүүмжлэн МУЗ-д 2019 оны 10-р сарын 1-ний дотор хүргүүлнэ.

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.