Дүрст мэдээ

9-р сар 24, 2013

"Огт+Оргүй" залуу уран бүтээлч Д.Дорждэрэмийн бие даасан үзэсгэлэн

МУЗ нь урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах, уран бүтээлчийн туурвих, үзэл санаагаа илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор залуу уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “ОГТ+ОРГҮЙ” бие даасан үзэсгэлэнг 2013 оны 9-р сарын 27-оос 10-р сарын 19-ийг дуустал Төв ХААН Банкинд байрлах “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн тухай:

Монгол хэл зүй дэхь огторгуй хэмээх үгийн үндэс “огт+оргүй” билээ. Уг нэр нэг талын үгүйсгэлийг тээж буй мэт болов ч бүтээлчийн сэтгэлгээнд бидний оршихуйн тухай асуулт мэтээр сонгогджээ.

Д.Дорждэрэмийн “Огт+Оргүй” үзэсгэлэн нь нийт долоон уран бүтээлээс бүрдэх бөгөөд уран бүтээл бүтээн туурьвих шинэ төвшнийг үзэгчдэд хүргэх болно.

Гурван баримал, гурван уран зураг мөн нэг видео бүтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэнгийн баримлуудаар уран бүтээлч өөрийн эмэг эх, аав болон эхнэрийгээ “жирэмснээр” дүрсэлсэн байна. Уран бүтээлч өөрийн хамгийн их хайртай, түүний хувь заяанд ихэд нөлөөлсөн бодит хүмүүсийг бүтээл болгожээ. Зарим хүмүүст чөтгөрлөг мэт харагдаж болох эвэр бүхий шийдэл нь баримлуудыг илүү байгаллаг болгосон гэж хэлж болно. Байгаль өөрөө хүчирхэг, хүчирхэг болхоороо туульслаг чанарыг өөртөө агуулсан байдаг. Бүтээлчийн уян хатан бөгөөд зөөлнөөр дүрсэлсэн баримлын бодит дүрүүд уг мөн чанарыг яалт ч үгүй мэдрүүлнэ. Орчин үеийн, байгаллаг бөгөөд туульслаг, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг эдгээр бүтээлүүд нь орчин үеийн Монголын баримлын орон зайд уг мөн чанараараа, гүйцэтгэлийн ойлгомжтой классик төрх, сюрреалист хэллэг, хайпэрреалист болон симболик агуулгаараа шинэ өнгө төрхийг нэмж буй нь тодорхой.

2007 онд Сингапурийн биенналаас үзэгчдийн сонголтоор тэргүүн байр хүртсэн “Орон зай дахь дуу хоолой” бүтээлээс нь олонд танигдсан эвэр бүхий шийдэлийн тухай Д. Дорждэрэм хэлэхдээ: “Эвэр дэхь тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний билэгдэл бөгөөд тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” гэжээ.

Эдгээр ажлуудтай холбогдож буй гурван уран зураг нь “spot paintings” юм. Хараагүй хүмүүсийн бичгийн дүрслэлийг өнгөтэй болгон эсгий зураг бүтээсэн нь дүрслэлийн тоглолтоос гадна сэтгэлгээний тоглолтын бас нэгэн хэллэгийг харж болох мэт.

Тус үзэсгэлэн нь Төв ХААН Банкинд байрлах Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан Гэр” галерейд дэлгэгдэнэ. ХААН Банк нь байгууллагын нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан МУЗ-ийн “Улаан Гэр” галерейн үйл ажиллагааг 2012 оноос дэмжин, Монголын дүрслэх урлагийг гадаад дотоодод сурталчилах, уран бүтээлчдийн туурвих, бүтээх авьяасыг дэмжихэд хувь нэмрээ оруулж явна.

Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, уран бүтээлч Д.Дорждэрэмийн сэтгэлгээнд дэхь хүчирхэг гоо сайхныг мэдрэнэ үү.

Ивээн тэтгэгч: Хаан Банк, Монголиан Опортунитис партнерс, М.Урнаа