Нүцгэлэхүй: Нэгэн хотын хүүрнэл

 

(Урлагтай яриа нийтлэл- Motion Mongolia)

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн маргаан, тэмцэл өрнөх зуур Монголын урлагийн ертөнцөд нэгэн чухал зүйл болоод өнгөрсөн нь “Motion Mongolia” олон улсын орчин үеийн бүжгийн II наадам байв. Ковидтой холбоотойгоор цахимаар зохион байгуулснаас бусдаар энэ жилийн наадмын юу нь онцгой байв?

Хоёр дахь удаагаа зохиогдож буй эл наадмын энэ жилийн сэдэв “Хотын хэмнэл”. Хотын хэмнэл гэж ер нь юу юм бэ? Түм буман хүн холхих хотын гудамжинд, өнцөг булан бүрд, гудамж дагуух айлуудын хаалганы цаана ямар амьдрал өрнөж, хотын иргэд бид ямар бодлоор сүлэлдэн нэгддэг вэ? Хотын өнгөрсөн, дурсамж, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоогоор хэлбэрждэг хотын өнгө төрхийг, өнөөгийн хотын хэмнэлийг бүжгээр илэрхийлбэл ямар харагдах вэ? Түм түжигнэсэн хот, нойрсоо хот, намуун хот, нарлаг хот, харанхуй хот. Энэ бүхнийг хамгийн бүрэн дүүрэн илэрхийлж чадах нь магад контемпорари бүжиг биз ээ.

Тэгвэл юугаараа контемпорари бүжиг онцлог юм бэ? Контемпорари бүжиг гэж яг үүнийг хэлнэ гэх тодорхойлолт өнөө хэр нь тодроогүй. УГЖ Т.Туул “Бүжгийн түүх” номдоо “Бүжгийн урлагийн үндсэн сургууль, илэрхийллийн гол арга болон бүрэлдэн тогтсон сонгодог бүжиг XIX зууны дунд гэхэд нийгмийн талаарх сэдэв, хувь хүний сэтгэлийн өнгө аясыг уран нарийн тусгах хэмжээнд хүрсэн хэдий ч ордны орчинд үүсэж хөгжсөн уран гоёмсог хэлбэр, нарийн чанд горим нь уг чанартаа бодит амьдралаас хөндий төрхтэй байлаа” хэмээжээ. Модерн, контемпорари бүжиг үүссэн нь балетын энэ чанараас эхлэлтэй. Хэнийг ч амарлингуй үлдээгээгүй их дайн дажин, шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжилт XX зуунд хүн төрөлхтний оюун санаа, ахуйд гарсан хувьсал өөрчлөлтийг тусгахад шинэ арга барил хэрэгтэй байв. Энд Т.Туул гавьяатын бичсэнийг ахин нэг эшильюү: “Сонгодог бүжиг ариусал, гэгээн мөрөөдлийг илүү илэрхийлдгийн хувьд тэнгэр өөд тэмүүлсээр хурууны үзүүр дээр гарч, өчүүхэн энэ цэг дээр тогтон “болхи бүдүүлэг ахуй”, “нүгэл нүүрлэсэн” газраас хөндийрсөн дүрээр тусдаг бол модерн бүжгийг их төлөв хөл нүцгэн бүжиглэж хөдөлгөөнөө хэвтээ суугаа байдлаар үйлдэн, эх газартайгаа нягт харилцан, биеэрээ мэдэрч, бүхий л чанарыг нь хүлээн зөвшөөрч, эрч хүч, илэрхийлэх санаагаа чухам л түүнээс шингээн авах мэт сэтгэгдэл төрүүлдэг”. Контемпорари бүжигт тэрхүү “болхи бүдүүлэг ахуй”-аас ангижрах эрмэлзэл үгүй бөгөөд гагц үнэн л байх учиртай. Модерн, контемпорари хоёр үүсэл гарал нэгтэй (сонгодог бүжиг) авч дүрэм, жаягаараа ялгаатай юм. Товчхондоо, контемпорарид дүрэм үгүй.

Дээр дурдсанчлан газар контемпорари бүжигт ихээхэн үүрэгтэй. Гэхдээ контемпорари бүжиг бүжиглэж байна гээд ямар нэг абстракт хөгжим тавиад, шалаар нэг өнхөрнө гэж ойлговол өрөөсгөл. Газарт хөрвөөж хийж байгаа хөдөлгөөнүүд нь утга учиргүй бус, чухамдаа газар дэлхийтэй харилцаж, ертөнцийн олон өнгө будгийг илэрхийлж буй хэрэг билээ (Цэнгээнт бүжигт ч газрыг нягт мэдэрч, хөрсөнд үндсээ шигтгэн ургасан мод мэт “сууж” бүжиглэвэл гоё болдог шүү дээ). Сонгодог бүжигт “нисэж”, тэнгэрт тэмүүлдэг бол контемпорари бодит байдалд, газарт буудаг. Ингэснээрээ контемпорари бүжиг үзэгчийн сэтгэлзүйд гүн нэвтэрч чаддаг юм. Бөглөрсөн уушги цээжийг тэнийлгэн сэвших шиг болдог нь контемпорари бүжгийн сайхан нь.

Motion Mongolia 2

Motion Mongolia олон улсын II наадам ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” орчин үеийн бүжгээр эхлэв. White Rock Center-т бичигдсэн энэ бүжиг зураг авалтын хувьд ч, дэглэлтийн хувьд ч чанарын өндөр түвшинд бүтээгджээ. Балетын элементүүдийг тун оновчтой ашигласан, эрчтэй динамик ч, айвуу тайвуун ч, “Хотын хэмнэл” гэсэн сэдвээ илэрхийлж чадсан сайн бүтээл аж. Гагцхүү цахимаар үзэх нь харамсалтай санагдав.

Эргэн санахад, 2018 онд зохиогдсон Motion Mongolia анхдугаар наадмын гол монгол бүтээл, бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргалын “Төрөл авалт” Монголын контемпорари бүжгийн хөгжил шинэ шатанд гарсныг батлан харуулсан, шинэлэг бүтээл байсан. Олон улсын наадмын гол давуу тал тэр шүү дээ. Богино хугацаанд үзэгчдийн, уран бүтээлчдийн оюун санаанд тэсрэлт хийж, энгийн үед, аясаараа ирэхгүй хөгжлийг хөшүүргэдэх. “Төрөл авалт”-гүйгээр “Хотын хэмнэл” бий болохгүй л байсан, гэтэл “Төрөл авалт” 2015 онд МУЗ-ийн урилгаар Улаанбаатарт тоглосон “Northwest Dance Project”-ийн “Blue”-гүйгээр төрөхгүй л байсан.

Ё.Дамчаабадгар наадмын тухайд “Олон улсын наадам гэдэг олон зүйлийг мэдүүлж, хөгжүүлж, цааш дэлгэрүүлэх эхлэл болдог учраас маш их баяртай байна. Цаашид хоёр жилд нэг биш, жил бүр зохиогддог, бас мэргэжлийн бүжигчид сонирхогчдоос тусдаа ангилалд өрсөлддөг, шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын мэргэжлийн шүүгч нар байдаг болоосой. Монголд маань контемпорари бүжиг таг хөгжөөгүй бол биш. Анх 1990-ээд онд модерн бүжиг орж ирсэн байдаг. Манайхан цоо шинэ, гадаад зүйл гэж хүлээж авахаас илүүтэйгээр шинэ мэдрэмж гэж авч үзэх нь зүйтэй болов уу” гэсэн юм. Тэрээр наадмын хүрээнд явагдсан сургалтууд, тэр дундаа гурван гадаад багшийн мастерклассыг онцолж байв. Олон улсын тэрхүү гурван мэргэжилтний нэг нь Алвин Эйли, Сильвия Уотерс, Перл Примус, Лукас Ховин, Муррэй Льюис нарын цуут бүжигчидтэй хамтран ажиллаж, заалгаж явсан бүжигчин, дэглээч Жо Алегадо.

Жо Алегадо өөрийн бүжгийн философийг задлан бичсэн “The Evolution of the Alegado Movement Language” өгүүлэлдээ “Бараг хичээл бүрийн маань бүжиг гарын импровизацаас эхэлдэг. Гар бүр өөрийн хүссэнээр л оршдог учир бидний бие хором мөч бүрд нэн сэрэмжтэй байж, гарын гэнэтийн хөдлөлөөс бүхий л биеийг хөдөлгөөнд оруулах чиглэл ирэхэд бэлэн байх ёстой. Ингээд бодохул бие анхааралтай сонсож, цаг үргэлж “өөрийгөө шинээр бүтээх орчил”-д оршиж, биеийн хэсэг бүр нөгөөгөөсөө “Одоо би юу хийх вэ” гэж асууж байх ёстой гэсэн үг” хэмээжээ. Ийнхүү өөрийн бүжгийн философийг бүтээн гаргаж ирэх боломж нь контемпорари, модерн бүжгийн том давуу тал юм. Манай бүжигчид ч Алегадогийн адилаар өөрийн бүжгийн философийг гарган ирж, түүнийгээ илэрхийлэн бичвэл бүжгийн хөгжилд нэн тустай болов уу.

Наадмын хүрээнд түүнээс гадна Английн нэрт “Акрам Хан” контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн Чин Лин болон Германы Ричард Сийгалын бүжгийн компанийн жазз бүжгийн багш Мейсон Маннинг нарын мастеркласс явагдсан бөгөөд Монголоос М.Мөнгөнцэцэг, Т.Содгэрэл, П. Баттуул нарын бүжиг дэглээч, багш нар хичээл орсон юм.

Мастеркласс үзэж байхад контемпорари бүжиг дээр монгол бүжигчдийг тушдаг зүйл нь төгс гүйцэтгэх, гоёмсог харагдах гэсэн хандлага юм даа хэмээн бодогдож байв. Харин гадаад багш нар хөдөлгөөн тус бүрийг мэдрэх, бусдад биш өөртөө зориулж бүжиглэх зэргийг бүжигчдэд зааж сануулж байлаа.

Германы Ричард Сийгалын бүжгийн компанийн бүжгийн багш Мейсон Маннинг мастеркласс орсныхоо дараа “Би олон орны бүжигчдэд хичээл орж байсан. “Моушин Монголиа” наадмын бүжигчдийн чадварт сэтгэл хангалуун үлдсэн шүү. Монгол бүжигчид маш хурдан суралцаж, миний хэлсэн зүйлийг өөрийн болгож авч байгааг харахад урамтай байлаа. Цаашид боломж олдвол Монголд айлчилж, мастеркласс орох хүсэлтэй байна.” хэмээсэн юм.   

 

Уралдаант хэсэгт 20 гаруй бүжигчин, хамтлаг өрсөлдсөнөөс монгол бүжигчдийн уралдаант хэсгийн шилдэг дэглээчээр Н.Номин-Эрдэнэ, шилдэг эрэгтэй, эмэгтэй бүжигчнээр Ч.Дүүрэнжаргал, Н.Баярбаатар нар тус тус шалгарч мөнгөн шагнал, үзэмжит цом (Н.Сүхбүрэн, Л.Очирсүрэн нарын урласан)-ын эзэн болов. Уралдаанд ирүүлсэн зарим бүтээлээс харахад контемпорари гэдэг нэршлийг монгол хэлнээ “орчин үеийн” гэж хөрвүүлэхэд дутагдалтай нь харагдсан. Контемпорари бүжиг эрх чөлөөтэй гээд ямар л бол ямар бүжгийг хамруулж болно гэсэн үг мэдээж биш. Уралдаанд ирүүлсэн бүтээл дундаас Н.Баярбаатарын “Bi6ual” сэтгэлд торж үлдэв.

Сэтгэл хөдлөлийн гүн тусгалтай контемпорари бүжгийг дэлгэцээр үзэх болсон нь хайран ч цахимаар, олон нийтэд нээлттэй зохион байгуулсны ач тус их. Бодохыг, хэлэхийг хүссэн бүхнээ хэлэх, сэтгэлээ уудалж, олны өмнө өөрийгөө нүцгэлэх эрх чөлөөг олгодог энэ төрөл элэг нэгтнүүдийн маань урлагийг харах өнцгийг тэлэх биз ээ. Энэ мэт наадмуудыг бодлогын түвшинд анхаарч, тогтмол явуулахад дэмжлэг үзүүлэхийг энэ ташрамд уриалъя.

Контемпорари урлагийн төрлүүд яг өнөөдрийн түүхийг, яг л энэ цаг үеийг илэрхийлдэг учир нийгмийн ухамсар, оюун санаанд эерэг нөлөөтэй. Нөгөөтээгүүр, үзэгч бүр уран сэтгэмж, амьдралын туршлага, мэдрэмждээ суурилан баяжуулж хүлээн авдаг тул хүүхэд, залуусын хийсвэрлэн сэтгэх, дотоод мэдрэмжээ илрүүлэн гаргах чадварыг хөгжүүлэх давуу талтай гэж нийтлэгч миний бие боддог билээ.

Наадмыг зохион байгуулагч Монголын урлагийн зөвлөл шинэ коронавирус дэгдсэн үеэс хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, наадам, хөтөлбөрүүдээ амжилттай үргэлжлүүлсээр буйг онцлох нь зүй. Цар тахлын амаргүй нөхцөл байдал, шинэ эгэлд хамгийн түрүүнд дасан зохицож чадсан нь хожих билээ. Наадмыг зохион байгуулсан, дэмжиж оролцсон бүх байгууллагуудад талархал илэрхийлье.

                                                                                                                      Нийтлэлч П.Номинбилэг