НИЙГМИЙН СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛ ТУУРВИНА.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс МУ-ын Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах, уран бүтээлчдэд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн олон нийтэд зориулсан бүтээл туурвих боломжийг бий болгох замаар тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор залуу уран бүтээлчидтэй хамтран медиа төслийг 2015 оны 4-р сард танилцуулна.
Өнөөгийн Монголын нийгэмд хүмүүсийн амьдралд хэвшил, нүдэнд дасал болтлоо анзаарагдахаа больсон нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь буюу гэрлэсэн, урьд нь гэр бүлийн харилцаатай байсан, эсхүл хэзээ нэгэн цагт хамт амьдарч байсан бусад ойр дотны хүмүүсийн зүгээс хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоож, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодийн, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн гэж ангилж үздэг.
Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр. Олон улсад урлагаар дамжуулан нийгмийн тодорхой асуудлыг шүүмжилж, илчилж, олны анхаарлыг татаж, уриалан дууддаг туршлага их байдаг. Монгол уран бүтээлчид ч өөрсдийн бүтээлдээ гэр бүлийн сэдвийг хөндсөн байдаг ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголтыг төрүүлэх бүтээл харьцангуй цөөн байна. Эдгээр бүтээлүүдийн ихэвчлэн бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтыг шууд харуулж, харин бэлгийн болон эдийн засгийн хүчирхийллийг зар сурталчилгааны, хошин шогийн бүтээлд түлхүү дүрслэн харуулдаг. Гэвч үүнийг олон нийт дарамт, хүчирхийлэл хэмээн ойлгож, шүүмжлэлтэй хандаж, урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар тусгаж авч байна уу?...
Орчин үеийн урлаг өөрөө хүний оюун санаанд хандсан, гоо сайхнаас мөн чанарыг илүүтэй тодотгон харуулдаг. Энэ ч утгаараа төслийн баг орчин үеийн урлагийн нэг төрөл болох медиа урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүмүүсийн үл анзаардаг эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор видео, фото, 3D зураг, инстоляци бүтээлүүдтэй медиа үзэсгэлэнг 2015 оны 4-р сард олон нийтэд толилуулахаар бэлтгэж байна. Медиа үзэсгэлэнд кино найруулагч Ш.Ихбаяр, 3D зураач Б.Ундрам, зураач Б.Нандин-Эрдэнэ, гэрэл зурагчин Б.Ренцэндорж нар нэгдэн, Би болон миний гэр бүл, урлаг, гэр бүл, хүчирхийллийг өөр өөрийн үзэл бодол, арга хэлбэрээр илэрхийлнэ. Төслийн хүрээнд олон нийтэд зориулсан медиа үзэсгэлэн, нээлттэй хэлэлцүүлэг болон шинэ бүтээлийн уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үйл ажиллагааг доорх хаягаар мэдээлэх болно.Үүнд:
• www.facebook.com/ArtsCouncil of Mongolia
Холбоо барих:
Монголын Урлагийн Зөвлөл
Дельта Төв, 402 тоот
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар хот
976-11-319015, 319017
culture@artscouncil.mn