Дүрст мэдээ

2-р сар 28, 2013

НАЙРУУЛГА - 2013 Цохивор хөгжмийн чуулгын тоглолт

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг  олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд ХБК-ийн Цохивор Хөгжмийн Чуулгын “Найруулга-2013” тоглолтыг 2013 оны 3-р сарын 15,16 –ны өдрүүдэд 19 цагаас Улсын Филармони дээр зохион байгуулах гэж байна.

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга нь 1985 онд анх байгуулагдсан. Тус чуулгын уран сайхны удирдаачаар 2010 оны “Мөнгөн Мод” шилдэг хөгжимчний наадам, 2012 оны МУ-ын соёл урлагийн салбарын онцлох уран бүтээлчид олгодог “Интерпренер-2012” шагналт хөгжмийн багш Б.Зоригт ажилладаг. Тус чуулга нь  2012 оны “Мөнгөн Хараацай” наадмын тэргүүн байр, Юнескогийн Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн Х Их Наадам амжилттай оролцож байсан бөгөөд авьяаслаг 18 залуу уран бүтээлчдээс бүрдсэн чуулга юм.

Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй 6 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг тоглолт нь дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлээс бүрдэх бөгөөд тоглолтын эхний хэсэгт дэлхийн нэртэй уран бүтээлчид Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles, хоёрдугаар хэсэгт Монголын хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүд эгшиглэх болно.

“Найруулга-2013” тоглолтыг иргэн Б.Болд, Ч.Сайнзаяа, Модерн Номадсын Сүлжээ Ресторан болон Занаду Вайнс ХХК ивээн тэтгэж, мэдээллийн ивээн тэтгэгчээр NTN TV, Монгол HD TV, gogo.mn, news.mn зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, залуу уран бүтээлчдийн гайхамшигтай тоглолтыг Монголын үзэгчдэд хүргэх боломжийг олгож байна.