МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Танд баяр хүргэе!
Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр Төрийн тэргүүн зэргийн шагнал “Чингис хаан”одонгоор шагнагдсан Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо Танд Монголын Урлагийн Зөвлөлийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе!
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Лондон 2012 зуны олимпид ВВС радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The Written World” төсөлд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлэг шалгаран 2012 оны зургадугаар сарын 8-нд BBC радиогоор орон даяар нэвтрүүлж байсан.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёгийн “Ертөнцийн явдал” шүлгийг уншигч Танд хүргэе.
ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ
Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана
Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана
Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.
Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.
Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана
Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.
Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно
Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.
Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж
Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.