Дүрст мэдээ

5-р сар 27, 2021

МОУШИН МОНГОЛИА ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН НААДМЫН МАСТЕР КЛАССЫГ 5-Р САРЫН 28,29,30-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан (МУЗ), Монголын Балетын Хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 4-р сарын 26-аас 5-р сарын 30-ний хооронд амжилттай зохион байгуулж байна. Наадмын үйл ажиллагааг үргэлжлүүлэн орчин үеийн бүжгийн наадмын мастер классыг 5-р сарын 28-30-ний өдрүүдэд Four Seasons Wellness Center-т зохион байгуулах гэж байна.

Орчин үеийн бүжгийн мастер классыг олон улсын хэмжээнд контемпорари бүжгийн чиглэлээр өөрийн нэрийн хөдөлгөөнүүдээ бүтээж, олон улсын наадмуудад уригдан, бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг сургагч багш Жо Алегадо, Английн нэрт Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш Мейсон Маннинг зэрэг сургагч багш нар удирдан явуулна.

Монгол бүжиг сонирхох гадаадын бүжигчдэд болон дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээх үүднээс бие биелгээ болон Монгол үндэсний бүжигт орчин үеийн бүжгийн хэв маяг оруулсан сонирхолтой мастер классыг СУИС-ийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод мастер класс өгөх болно. Мөн наадмын хүрээнд хотын залуучууддаа зориулж Hip Hop бүжгийн мастер классыг 116 Студийн дэглээч, бүжигчин П.Баттуул хүргэнэ.

Мастер класст бүртгүүлэх холбоос: https://mongoliancontempballet.com/home

“Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia  фэйсбүүк хуудсаар зочлон дэлэгэргй мэдээлэл аваарай.