Дүрст мэдээ

5-р сар 02, 2016

МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН 5-Р НААДАМ БА СИМПОЗИУМ

Морин хуурын олон улсын 5-р наадам, симпозиум 2016 оны оны 5-р сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн наадмыг Монголын Урлагийн Зөвлөл, Төрийн Банк болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран морин хуурын хөгжмөөр дамжуулан монгол соёлыг дэлхий дахинд таниулан сурталчлах, морин хуурын ардын уламжлалт ая дан, тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх морин хуурыг сонирхон, судалж буй гадаад дотоодын хуурч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулах гэж байна.

Морин хуурын 5-р наадамд Монголын морин хуурчдаас гадна АНУ, ХБНГУ, БНБУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын морин хуурчид, мэргэжлийн чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцох ба Монголын мэргэжлийн морин хуурчдын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурчдын хамтарсан тоглолт, хөдөө орон нутгаас уригдан оролцож буй ардын авьяастан-морин хуурчдын тоглолт болон сургалт, эрдэм шинжилгээний хурал ба хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Наадам зохион байгуулагчид энэ жил наадмын агуулга, цар хүрээг өргөжүүлэн Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг урин оролцуулж, ихэл болон морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулах, мэргэжлийн хөгжимчид болон хөдөө орон нутгийн соёлын өвийг уламжлагч нарын хооронд туршлага солилцож, урын сангаа харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих уулзалтыг 5-р сарын 6-нд Хөгжим Бүжгийн Коллежид зохион байгуулна.

Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Улсын Филармонид 5-р сарын 4-нд болох ба морин хуурын сор болсон бүтээлийг Морин Хуурын Чуулга, Үндэсний Дуу Бүжгийн Чуулга, Улаанбаатар Чуулгын мэргэжлийн шилдэг морин хуурчид толилуулна. Мөн олон улсын сонирхогч морин хуурчид, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарсан хаалтын тоглолтыг 5-р сарын 6-нд Улсын Филармонид зохион байгуулна.

Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор “Морин хуур хөгжмийн урын сан” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг Петровис компаний хурлын танхимд 5-р сарын 5-нд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 319015, 319017 утас,

https://www.facebook.com/WMAssociation/

https://www.facebook.com/events/1709947142596238/хаягаар холбогдоно уу.

МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН V НААДАМ-СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР

5 сарын 4-нд

19:00 Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт - Улсын Филармони

5-р сарын 5-нд

10:00 “Морин хуурын урын сан” симпозиум – Петровис компаний хурлын танхим

19:00 Олон улсын морин хуурчдын тоглолт- Улсын Филармони

5-р сарын 6-нд

10:00 Мастер класс /ардын уламжлалт хуурын арга барил/

Хөдөө орон нутгийн ардын авьяастны тоглолт, уулзалт – Хөгжим Бүжгийн Коллеж

18:00 Наадмын хаалтын нэгдсэн тоглолт- Улсын Филармони

Морин Хуурын Олон Улсын Наадам зохион байгуулах хороо

Дарга: Ч.Даваасүрэн Улсын Филармоний дарга

Орлогч дарга: Н.Жанцанноров, Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүн

Гишүүд:

Ц.Пүрэвхүү, Монголын Морин Хуурын Төвийн тэргүүн

Н.Буянбаатар, ҮДБЭЧ-ийн Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найралын удирдаач

Д.Түвшинсайхан, Улсын Филармоний Морин Хуурын Чуулгын удирдаач

Ж.Баатарцогт, Монгол Туургатны Соёл Эрдэм Шинжилгээний Сангийн дарга

Д.Түвшинтөр, Монголын Хөгжмийн Зэмсэг Урлаачдын Холбооны дарга

Д.Энхцэцэг, МҮОНТВ-ийн Соёл Эрдэнэ нэвтрүүлэгийн редактор

Д.Баянмөнх, МУЗ-ийн Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын Урлагийн Зөвлөл

Төрийн банк

Хамтран зохион байгуулагч:

Улсын Филармони

Морин Хуурын Төв

Икэл Сан

Монгол Туургатны Соёл Эрдэм Шинжилгээний Сан

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

Морин Хуурын Чуулга

Улаанбаатар Чуулга

Соёл Урлагийн Их Сургууль

Хөгжим Бүжгийн Коллеж

Соёлын өвийн төв

Ивээн тэтгэгч:

Монголиан Пропертиз ХХК

АПУ ХК

Петровис ХХК

Эгшиглэн Магнай ХХК

Хан Мюзик ХХК

Сеттимо ХХК

Санаачлагч:

Дэлхийн Морин Хуурын Холбоо

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч:

МҮОНРТ

UBS TV

Эх Орон телевиз

VTV

News.mn

Ikon.mn