Дүрст мэдээ

4-р сар 08, 2016

​МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН 5-Р НААДАМД АРДЫН АВЬЯАСТАН МОРИН ХУУРЧДЫГ УРЬЖ БАЙНА.


Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог.
2016 онд Монголын урлагийн зөвлөл наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, уламжлал ёсоор гадаадын морин хуурчид ба Монголын шилдэг хуурчдын тоглолт, морин хуур хөгжмийн талаар эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг 5-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулна.
Наадмын үеэр морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болох гэж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулж, мэргэжлийн хөгжимчид ба хөдөө орон нутгийн соёлын өв тээгчдийн хооронд туршлага солилцох, урын сангаа харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих 1 өдрийн уулзалт, тоглолтыг УБ хотноо зохион байгуулна.
Иймд Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг наадамд оролцохыг урьж байна.
Наадамд оролцогчдод тавигдах шаардлага
1. Нутгийн онцлогтой хуурын ая дан, татлагыг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч ардын авьяастан нас, хүйс харгалзахгүй оролцож болно.
2. 2016 оны 5 сарын 3-наас 7 ны хооронд УБ хотод байрлан наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой байх
3. Өөрийн эзэмшсэн ур чадвар, уламжлалт тоглох арга барил, устаж үгүй болох гэж буй ховор содон хуурын татлага, ая данг түгээн дэлгэрүүлэх, бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байх
Сонирхсон морин хуурч, ихэл хөгжимчид танилцуулга, холбоо барих хаягаа 2016 оны 4- р сарын 21- ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 утсаар Д.Баянмөнхтэй холбоо барина уу.
Зохион байгуулагчид: Дэлхийн морин хуурын холбоо, Ихэл сан, Морин хуур төв
Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Морин хуур урлаачдын холбоо
Монголын Урлагийн Зөвлөл, Улсын филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, СУИС, ХБК