Монгол үндэсний хөгжим дэлхийд
Бидний арвин их уламжлал, баялаг сан хөмрөгтэй үндэсний хөгжим маань дэлхийн хөгжмийн зах зээлд нэг дуугараад л гарчихна гэсэн ардчилалтай чацуу бидний мөрөөдөл энэ жил бараг 25 хүрэх нь. Асуудал лав л хөгжмийн уламжлалт өв болон түүхэнд биш гэдэг нь тодорхой. Үндэсний хөгжмийн өнгө төрхийг эртний уламжлалаас гадна хотжих, даяарших, үндэсний үзлийн сэргэлт, үе үеийн төрөөс баримталж ирсэн соёлын бодлого хийгээд мэргэжлийн хөгжмийн дэг сургуулиуд бүрдүүлсээр иржээ.
Нүүдэлчдийн амьдралд язгуур шинжээрээ зуун дамжин хадгалагдаж ирсэн Монгол ардын дуу, хөгжмийн зэмсгүүд, үлгэр туульс, ерөөл магтаал 20-р зууны эхэн үе буюу Богд хаант Монгол улсын үеээс барууны хөгжмийн зэмсгүүдээр баяжин, 1930-50 аад онд бүүр мэргэжлийн тайзны урлагийн салбар болтлоо хувьсан өөрчлөгдсөнийг бид мэднэ. 50-иад оны үед хөгжмийн салбарт европ хөгжмийн стандарт зохион байгуулалттай үндэсний найрал хөгжим, хөгжмийн чуулга байгуулж эхэлсэн нь голдуу ганцаараа хөгжимддөг, өөр зэмсэгтэй хамтарвал аялгууны хэвтээ хөдөлгөөний дагуу хоршин тоглодог байсан уламжлалт хөгжмийн сэтгэлгээнээс тэс ондоо өөрчлөлт байв. Оросын мэргэжилтнүүд хөгжимчдөд нот бичлэг зааж мэргэжлийн хөгжмийн урлагт сургаж, нотоор тоглох болсноор чөлөөтэй зохиомжлон тоглодог байсан уламжлалт сэтгэлгээг илүү баригдмал төдийгүй хөг хөглөгөөг тогтсон нэг хэвийн болгожээ.
1930-50 оны архивын зургаас
1990 оноос хойш үндэсний бахархал сэргэж, соёлын өв, уламжлалт хөгжим, морин хуур, уртын дууг түгээн дэлгэрүүлэх, хөөмий, цуур, тууль, икэл, биелгээг эрчимтэй судлаж суралцах болсон нь үндэсний хөгжмөөрөө бахархах, үзэж сонсох дотоодын хэрэгцээ, зах зээлийг бүрдүүлж эхлэв.
Тэгвэл Монгол үндэсний хөгжмийн гадаад зах зээл яаж хөгжиж ирснийг эргэн харья. 1980-аад оноос нүүдэлчдийн хөгжмийн соёл, хөөмий уртын дуу, морин хуурыг олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судлах болж, ОХУ-ын Тувагийн хөөмийчдийн Хун Хуур Ту хамтлаг баруун европын зах зээлд нүүдэлчдийн хөгжмийн соёлыг сурталчилж эхэлжээ. Бидний мэддэгээр Энигма хамтлаг /уг нь Германы хөгжмийн төслийн нэр/ 1993 онд бүтээсэн Eyes of truth бүтээлдээ Монгол ардын урт дуу “Алсын газрын зэрэглээ”, 1994 онд бүтээсэн Age of Loneliness дуундаа “Тосонгийн оройгоор” уртын дууг new age, world music урсгалаар найруулсан нь Монгол туургатны хөгжмийн соёлыг дэлхийд таниулах эхний амжилттай алхмууд байв.
Яг энэ үетэй зэрэгцэн Монголын уламжлалт хөгжмийг олон улсад сурталчлахаар ардын дуу хөгжмийг шинэ өнгө аясаар найруулан бүтээлээ туурвидаг Эгшиглэн, Бөртэ, Хөх монгол зэрэг хамтлагууд байгуулагдан баруун Европд амьдран бүтээлээ туурвиж эхлэв. Тэднэс хойш Алтайн оргил, Алтай Хангай, Алтан ураг, “Домог” ,“Хөсөгтөн”, “Арга билэг” , “Тэнгэр аялгуу” , Жонон”, “Их Монгол”, “Алтай” зэрэг олон хамтлаг төрөн гарч, үндэсний урлагийг сурталчлах зорилгоор олон улсын хөгжмийн наадамд оролцсоор байгаа билээ.
Тэдгээр нь голдуу world music festival буюу дэлхийн хөгжмийн соёлын олон төрөл зүйлийг сурталчилдаг наадмууд юм. 20-р зууны сүүлээр угсаатны хөгжим судлаач Роберт Браун европын хөгжмөөс бусад орны хөгжмийн соёлыг анх “World Music - дэлхийн хөгжим” гэж нэрлэсэн бол энэ нэршил нь 1980-д оноос хөгжмийн шинэ урсгалууд болох world fusion, global fusion, ethnic fusion, world beat хөгжмийн урсгалуудын ерөнхий нэр болжээ. "World Music" – "Дэлхийн хөгжим" нь даяаршлын эрин үед олон соёлын уулзварт үүссэн, өөр өөр үндэстний соёл хоорондын харилцан яриа болсон шинэ хөгжмийн урсгал юм.
Англид төвтэй WOMAD /World of Music, Arts and Dance/ наадам, европын хотуудад жил бүр болдог Германд төвтэй WOMEX /World Music Expo/ наадам, францын Midem, Данийн Roskilde, Их Британий Glastonbury зэрэг наадмууд хөгжмийн салбарын бизнес хамтын ажиллагааг дэмжих зорилготой байдаг. Хамгийн том цар хүрээтэй наадам болох WOMEX д 2013 он гэхэд дэлхийн 90 улсын 1260 хөгжмийн бизнесийн компани, 2250 төлөөлөгч, 800 тоглолт зохион байгуулагчид /promoter/, 560 дуу бичлэг нийтлэгчид /record label/, 680 агентууд /agents/, 560 менежер, 250 продюсерууд цугларч, үзэсгэлэн худалдааны хэсэгт нь 50 улсын 250 павилион өөрсдийн уран бүтээлээ сурталчлан ажиллаж, 7 тайзнаа 300 уран бүтээлчдийн 60 тоглолт болж, 20 хурал зөвлөгөөнд 80 гаруй илтгэгчид хөгжмийн салбарын зах зээлийн тухай хэлэцүүлэг өрнүүлж, нийт арга хэмжээг сурвалжлахаар олон орны 300 сэтгүүлчид, 130 радио цугларч байжээ. Өөрөөр хэлбэл авьяасыг ангуучлахаар хөгжмийн бизнесийн бүхий л мэргэжилтнүүд цуглардаг байна.
Иймэрхүү том хэмжээний хөгжмийн наадам, экспод Монголын уран бүтээлчид оролцох нь дэлхийн зах зээлд гарах гарцыг нээж өгөх нь дамжиггүй. Гэхдээ тус наадмын шалгуурыг давж уригдан тоглоно гэдэг нилээд том босгыг давах асуудал юм. Харин манай хамтлагууд эдгээр хөгжмийн наадам яармагт уригдан оролцсон нь тун ховор байна.
WOMEX, WOMAD наадамд Монголын туургатны хөгжмийн соёлыг сурталчилж МУ-ын Эгшиглэн Бөртэ хамтлагууд /1 удаа/, ОХУ-ын Тувагийн Хун Хуурт, панкрок -Ятга хамтлаг, дуучин Сайнхүү Намжил, БНХАУ-ын ӨМӨЗО-ны панк рок- Хангай, метал рок- Есөн эрдэнэ, Aжнай, гранж рок “Tulegur gangzi” зэрэг уран бүтээлчид оролцсноороо аялан тоглолтоо тогтмол хийж олон улсад нэрд гараад байгаа юм.
Тэд олон улсад танигдсан нэг шалтгаан нь Англи, Америк, Европын орнуудад байгаа хөгжмийн агентлаг (booking agent), тоглолт зохион байгуулагч (promoter), бичлэгийн лебел, продюсер, менежер, олон улсын хөгжмийн бизнесийн компаниудтай гэрээгээр хамтран ажилладагтай холбоотой. Манай Хөсөгтөн хамтлаг Их Британий Роял Алберт танхимд BBC Proms 2011 наадам, Авьяаслаг азичууд ТВ шоуд оролцсноор дэлхийн олон орноор аялан тоглох гарцаа нээсэн гэхэд болно. Харин ӨМӨЗО-ны Хангай, Есөн эрдэнэ, Aжнай, Анда, “Tulegur Gangzi” хамтлагууд Дани, Голланд Англи агентууд, продюсер, менежертэй ажиллаж олон орноор аялан тоглож байна. Өвөр Монголын хамтлагууд голдуу дуучинтай, монгол ардын дууг найруулан дуулж, монгол хүний хоолойн чадал цараа өнгө, ардын дуу дуулах донж маяг, монгол дууны зөөлөн уянга, энгийн тансаг аялгууг тодотгон олон улсад танигдаж байна.
Хаяа хамтлаг, дуучин Тана, БНХАУ ӨМӨЗО
Үүнээс гадна уран бүтээлийн чанар чансаа, өөрийн давтагдашгүй өнгө төрх, өнгө дуугаралтын шинэ мэдрэмж, дуу авианы илэрхийллийн өвөрмөц арга, содон шийдэл бүхий хөгжим бүтээж чадаж байгаа дуучин экспериментал уран бүтээлч Намжилын Сайнхүү, Цахар Тугчийн Урна, болон Yom & Wang Li, гранж рок - Tulegur Gangzi нар нүүдэлчдийн хөгжмийн соёлыг өвөрмөц арга барилаар харуулж олон улсын хөгжмийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж чадсан байна.
Гадаадад сууршин ажиллаж буй монгол уран бүтээлчид Ираны хөгжимчинтэй хамтарсан Sedaa хамтлаг, Болгар-Франц хөгжимчидтэй хамтарсан Монголын хуурч хөөмийч Д.Энхжаргалын “Violons Barbares” хамтлаг, Италийн дуучид Монгол хөөмийчтэй хамтарсан “Nomadic voices-Sardinia & Mongolia”, Францын “Meikhaneh”, Австрали дах Equus, Horse & Wood хамтлагууд олон улсад танигдаж, аялан тоглож байна. Тэдний уран бүтээл зөвхөн монгол угсаатны хөгжим бус энэтхэг, араб, перс, кельт зэрэг 2-3 өөр үндэстний хөгжмийн язгуур ая дан, онцлогийг шингээж, блюз, хип хоп, electronic, ambient, world beat new age зэрэг олон урсгал чиглэлээр чөлөөтэй бүтээж байна.
EQUUS, Australia
Харин бид хаана явна вэ
Ардын дуу хөгжим, буддын шашны болон бєєгийн хөгжмийн ая аялгуу, дуугаралтыг Алтан ураг Домог хамтлагууд рок, Арга билэг хамтлаг жазз урсгалаар, Жонон хамтлаг поп, Бөртэ, Хөсөгтөн, Их монгол хамтлаг этник фольк, Алтайн оргил электро хөгжмийн урсгалтай сүлэлдүүлэн уран бүтээлээ туурвиж байна.
Хөгжмийн зэмсэгийн сонголтын хувьд ихэнх нь хэвшмэл гэмээр морин хуур, их хуур, цохивор хөгжим, ятга, товшуур, ёочин зэрэг хөгжмийн бүрэлдэхүүнтэй байна. Үүн дээр гитар, виолончель, вибрафон, жэмбэ, кахон хөгжмүүдийг хамтлагууд ашигладаг. Одооны язгуур урлагийн хамтлагуудын нэг хэсэг нь хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүн, хөгжмийн зохиомж найруулгын хэв маягийн хувьд тэртээ 20 жилийн өмнөх Бөртэ хамтлагийн идэвхтэй уран бүтээл хийж байсан үеэс нэг их өөрчлөгдсөнгүй. Нөгөө хэсэг нь Финландын рок хамтлаг “Apocalyptica”-г санагдуулам найруулгаар фолк рок, зарим нь поп хөгжим тоглоод 10 гаруй жил болжээ.
Алтан ураг хамтлаг язгуур урлагийг сурталчлах дэлхийн хөгжмийн чиг хандлагатай хөл нийлүүлэхэд зоригтой эрсдэлтэй алхам хийж тухайн үедээ шинэлэг байж Монголын хөгжмийг дэлхийд сурталчлахад том үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүнээс хойш өөрийн гэсэн өнгө төрх, хөгжмийн хэллэгээрээ бусдаасаа арай өөр байгаа хамтлаг бол жазз урсгалаар хөгжимддөг Арга билэг хамтлаг юм. Тэд Швейцарийн “Musiques Suisses” бичлэгийн лебелтэй гэрээ байгуулан 2015 онд Агула цомгоо цахим хэлбэрээр iTunes, Amazon, Spotify зэрэг нийт 20 гаруй онлайн сувгаар худалдаалж Грэмид нэр дэвших анхан шатны шалгуур босгыг давсан билээ. Үндэсний хөгжмийн зэмсэгээр тоглодоггүй ч Пост рок Шугам, панк рок Моханик зэрэг амьд хөгжмийн хамтлагууд монгол хөг аялгатай рок хөгжим бүтээж уран бүтээлчээр эрэл хайгуул хийж байгааг энд дурдаж сайшаах нь зүйтэй.
Хөгжим дуу өөрийн гэсэн амьдрах цаг хугацаа, амин сүнстэй байдаг. Цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгдөж байгаа сонсогчдын хөгжмийн мэдлэг, мэдрэмж таашаал, уран бүтээлчдийг байнга сорьж байдаг. Мэргэжлийн хөгжмийн боловсрол, мэдлэгээр ардын ая дан, хөгжимдөх ардын арга барилыг өрнөдийн дуурьсахуйн ухаанаар баяжуулан орчин үеийн поп рок хөгжмийн хэмнэлд оруулан найруулахаас гадна одоо цагийн шинэ тренд болж буй хөгжмийн урсгал чиглэлийн элементүүдийг ашиглан, хөгжмийн технологийн шинэ ололтуудыг туршиж, дэлхийн хөгжим сонирхогчдын мэдлэгийн хэмжээнд ойртож очихгүй бол Монголдоо л од болоод дуусах нь.
Энд би продюсерлэсэн хөгжим буюу орчин үед хүчээ авч буй хөгжмийн урсгал чиглэлээр бүтээн туурвих шинэ агуулга бүтээх замаар уламжлалт хөгжмийн соёлоо нэмүү өртөгтэйгээр дэлхийд гаргах тухайд өгүүлэхийг оролдлоо. Харин уламжлалт хөгжмийг язгуур шинжээр нь өвлөн суралцах, ая дан, хөгжимдөх арга барил, ардын хөгжмийн язгуур өнгө дуугаралтыг алдагдуулан өөрчлөхгүй нандигнан дээдлэх нь үндэсний дархлааг хадгалахад чухал үүрэгтэй билээ.
Үндэсний хөгжмийн уран бүтээлчид угсаатны хөгжмийн язгуур шинжийг хадгалах болон орчин цагийн хөгжмийн урлагийн ололт амжилттай хөл нийлүүлэх, нийтийн хүсэл таашаалд нийцүүлэх эсвэл өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлч байх эдгээр олон асуудлын зөв тэнцвэрийг олох сорилттой тулгарч байгаа.
Өнөөдөр үндэсний хөгжимчдийн тоглолтын ур чадвар маш өндөр хэмжээнд хөгжсөн хэдий ч тоглох монгол бүтээлийн урын сан шинэчлэгдээгүй, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ шинэлэг арга барил дутагдалтай байгаагаас болж, гадаадын хит дуу киноны хөгжмийн ковер тоглолт их болж байна. Урлаг өөрөө нийгмийн сэтгэлгээг урагшлуулж, хүмүүсийг шинэ хандлага руу дагуулж байдаг ч монголд үзэгчдийн сэтгэлгээнд нь тааруулж хөгжих хандлага дэлгэрч уран бүтээлийн эрэл хайгуул, шинэ туршиц хийхээсээ илүү бэлэн зохиолыг хуулбарлан тоглох нь ихэсч байна. Энэ нь манай уран бүтээлчид бүтээлээ аль болох олон хүнд хүргэж тоглолтын зардлаа нөхөх гэсэн сонголтыг хүссэн хүсээгүй хийж байгаатай холбоотой байж магад.
Хөгжмийг аль болох олон хүнд хүртээхээр нийтийн таашаалыг дагаж зориудаар бүтээхээс илүү жинхэнэ урлагийн бүтээл гэж үнэлэгдэх хөгжим зохиох нь уран бүтээлч хүний үүрэг юм. Энэ шалгуур дэлхийн хөгжмийн урлагийн зах зээлд нэвтрэхэд мөн адил хамаатай.
Магадгүй Монголын уламжлалт онцлогоо олон улсад харуулах гэдэг ойлголт биднийг хүлээсэнд оруулж, морины шогшоо хатираа жороо мэт хайрцаглагдсан өрнөл багатай морин хуур ятгын хэмнэл, балар эртний баатарлаг түрэмгийг санагдуулах хархираа хөөмийн түрлэгээр хөгжмийн найруулгын шийдэл дуусч байна. Гэтэл дуу авиа хөгжим нь өөрөө хэмнэл ая хоёроос гадна маш олон илэрхийллийн боломжит хэрэглүүртэй. Үнэхээр бусдаас ялгарах өөрийн өвөрмөц шийдэлтэй, дэлхийн сонсогчдын мэдлэгийн түвшинд хүрсэн хөгжим зохиож шинэ мэдрэмж, төсөөллийг төрүүлж чадаж л байвал аль ч орны сонсогчдод хүлээн зөвшөөрөгдөж болох мэт...
Монгол угсаатны хөгжим ямар ч урсгал чиглэлтэй сүлэлдэн шинэ төрхийг олж болох баялаг ундаргатай тул бидэнд зөвхөн рок, поп, жазз аливаа урсгалд баригдахгүй байх өөр олон боломжит уран сайхны шийдэл байгаа гэдэгт би итгэдэг. Угсаатны хөгжмийн ая дан гол амин сүнсийг маш сайн судлан мэдэрч, орчин цагийн хөгжмийн технологийн ололтуудтай хөг нийлүүлэн шинэ хөгжим бүтээх нь зөв. Үүний тулд хөгжимчин, дуучин, хамтлагууд маань судлаач, продюсер, хөгжмийн зохиолч, саунд дизайнер уран бүтээлчидтэй хамтран ажиллавал илүү амжилтанд хүрнэ.
Сонсогчдын сонирхол таашаалыг даган олонд таалагдах гэж бус өөрийнхөө дотоодыг сонсож зүрхнээсээ хөгжим бүтээх, эрэл хайгуул хийх зоримог уран бүтээлчдийг сонсогч бид хүлээж байна.
Нийтлэлч Д.Баянмөнх