Дүрст мэдээ

4-р сар 30, 2014

Монголын Урлагийн Зөвлөлийн Гишүүнчлэл "ТУСГАЛ" бүжгийн тоглолтоор нээнэ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн тогтвортой хөгжилд соёл урлагийг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тус зөвлөл дэмжигч гишүүддээ талархах, шинэ хамтын ажиллагааг бий болгох зорилготой МУЗ-ийн гишүүнчлэлийн үдэшлэгийг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 

Жил бүр тодорхой байгууллага, урлагийн төрөл, уран бүтээлчдийг сонгон, тэдний уран бүтээлийг дэмжин, ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулга, Морин хийлийн чуулга, Цөөхүүл хөгжмийн чуулгын тоглолт болон “Занабазарын нууц” зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд танилцуулсан билээ. 

Энэ удаа 2014 оны МУЗ-ийн гишүүнчлэлийн үдэшлэгийн онцлох бүтээлээр “Түмэн Эх” Чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулж байна. 

Тус тоглолтонд орчин цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн Монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын хүрдийн тухай өгүүлэх үндэсний болон орчин үеийн бүжгийн 6 шинэ бүтээлийг олон нийтэд толилуулах болно.  

 “Тусгал” бүжгийн тоглолтын онцлох бүтээлээр бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэж байгаараа онцлогтой юм. 

Уг тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ARD Санхүүгийн Нэгдэл www.ardholdings.com ажиллаж буй бөгөөд тоглолтонд “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид оролцох болно. Тоглолт 2014 оны 5-р сарын 9-нд 19 цагаас Улсын Филармонид ганцхан удаа зохион байгуулагдана. 

Тоглолттой холбоотой мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн 319017, 319015 утас болон development@artscouncil.mn; culture@artscouncil.mn; www.facebook.com/advocacy.acm хаягаар авна уу.