Дүрст мэдээ

4-р сар 30, 2018

"МОНГОЛЫН САЯ ӨДӨР" ҮЗЭСГЭЛЭН


Монгол Улс хадны зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг билээ.

Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсал хийгээд монгол нутаг дахь сая сая өдрийн түүхийг тусгасан дурсгал: хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор “Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагааны санаачилгаар найруулагч, продюсер Б.Баярын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт буй 3000 гаруй хадны зургийг хальсанд буулгаснаас дээжлэн "Монголын сая өдөр" үзэсгэлэнг олон түмэнд толилууллаа.

Степпе паблишинг ХХК, "Сэмүүн" студи, Монгол Урлагийн Зөвлөл хамтран хаданд мөнхөрсөн урлагийн үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейд 2018 оны 04 дүгээр сарын 24-30-ны өдөр зохион байгууллаа.

Кино найруулагч Б.Баяр нь 2011 оноос хойш хадны дурсгалт зургийн тухай "Сар анх мандсан нутаг" (2011 он),"Рашаан хад" (2013 он), "Буурал Алтайн урлан" (2015 он), "Хотон нуурын хосгүй урлан" (2018 он) баримтат киног тус тус бүтээсэн бөгөөд дахин 4 баримтат кино хийхээр төлөвлөн ажиллаж байна.