“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” СОЁЛЫН НААДАМ 11 ДЭХ ЖИЛДЭЭ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Монголыг нэг өдөр” Соёлын Наадмыг 2018 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагийн Монгол наадам цогцолборт зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.
Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Монголын нэг өдөр” хот айлын хүрээнд “Сэрсэн тал” орчин үеийн урлагийн хотхон, “Талын монгол” нүүдэлчний хотхон, “Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн хотхон, “Монгол наадам” соёлын хотхон зэрэг хотхонууд ажиллаж, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч суралцах боломжийг олгож байна. Тухайлбал: уламжлалт тоглоом наадгай, дэмбээ, шагайн харваа, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, уламжлалт хувцас урлал, ардын аман зохиолын өргөөнүүд ажиллана. Мөн наадамчид дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, Аврага Монгол баримлуудтай зураг авхуулах боломжтой. Соёлын Наадмын талбайд “Морьтны гайхамшиг” шоу тоглолт, “Монголын нэг өдөр” язгуур урлагийн тоглолтыг 2 өдрийн турш олон нийтэд толилуулна.
“Монголын нэг өдөр” Соёлын наадмын хэвлэлийн бага хурал 2018 оны 7-р сарын 5-ны өдрийн 12.00 цагт Монгол Ньюс ХХК-ны /25-р суваг телевиз/ байранд болох ба дэлгэрэнгүй мэдээллийг хуралд хүрэлцэн ирж авна уу.
Санаачлагч:
МЕТАА Компани, БНСУ
Зохион байгуулагчид:
Соёл Урлагийн Их Сургууль
Монголын Урлагийн Зөвлөл
Ивээн тэтгэгч:
Рио Тинто компани
Мэдээллийн түнш
UBS TV, Mонгол ТВ, Эх орон ТВ
Дэмжигч:
ХААН Банк
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ
Чингэлтэй дүүрэг, ЗДТГ