Дүрст мэдээ

2-р сар 05, 2016

МОНГОЛЫН КИНО ӨДӨРЛӨГ ДАНИ УЛСАД

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) эрхэм зорилгынхоо хүрээнд кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үүднээс Монголын кино өдөрлөгийг “Данийн кино институт”-тэй хамтран Дани улсын нийслэл Копенгаген хотноо 2016 оны 2-р сарын 9-16-ны хооронд зохион байгуулна.

Тус кино өдөрлөгт нийт Монголын зургаан кино сонгогдсон бөгөөд Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” шагналт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” УСК, “Хүсэл Шунал” баримтат кино, 2013 онд Пусаны олон улсын кино наадмын Азийн киноны цонх хэсэгт шалгарч оролцсон найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” УСК, Лондонгийн олон улсын богино хэмжээний кино наадамд толилуулагдсан найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” УСК зэрэг олон улсын наадмуудад өөрсдийн бүтээлээрээ оролцсон шинэ, залуу найруулагчдын бүтээл сонгогдсон. Тус өдөрлөг нь Монголын киноны хөгжлийг харуулсан 1960-аад оны бүтээл болох БНМАУ-ын гавъяат жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө” УСК сонгон монголын кино урлагийн хөгжлийн үе шат, орчин үеийн киноны хөгжлийн чиг хандлагыг олон улсын үзэгчдэд таниулах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Монголын соёл, кино урлагийг танилцуулах, сурталчлах зорилго бүхий тус кино өдөрлөгт кино продюсер Ц.Ариунаа, найруулагч Ч.Хоролдорж нар уригдан оролцож буй бөгөөд дэлхийн нэр хүндтэй кино найруулагч, продюсер, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өрнүүлэх, Монголын кино бүтээлийг олон улсын, нэр хүндтэй кино наадмуудад толилуулах өргөн боломжийг нээх томоохон гарц гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.