Дүрст мэдээ

12-р сар 11, 2013

​Монголын киноны уран бүтээлчдийн анхааралд!

 

“БАРИМТАТ КИНОНЫ ЗОХИОЛЫГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?”  

Киргизстан, Казакстан, Монголын киноны уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөр

Уран бүтээлчийн киноны санаа хэрхэн төсөл болдог, төсөл хэрхэн киноны зохиол болдог вэ? Киноны уран бүтээлчийн мөрөөдөл болсон кино хэрхэн бодит бүтээл болдог вэ? Эдгээр асуулт кино хийх хүсэлтэй уран бүтээлч болгонд гол асуулт нь байдаг. 

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Франц улсын Экран Либрэ болон Ардаше Имажис байгууллагын санаачлагаар, Киргизстаны Кино Хөгжлийн Сан, Казак Фильм, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Төв Азийн киноны залуу уран бүтээлчдэд зориулан 12 хоногийн “Баримтат киноны зохиолыг хэрхэн бичих вэ?” мэргэжлийн сургалтыг Казакстан улсад 2014 оны 3-р сарын 3-15-ний хооронд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү хөтөлбөрийн зорилго: 

• Уран бүтээлчдийн мэргэжлийн түвшинд, уран сайхны чадамж өндөртэй баримтат киноны зохиол бичих чадварыг дээшлүүлэх

• Төв Азийн баримтат кино уран бүтээлчид болон Европын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих

1. “Баримтат киноны зохиолыг хэрхэн бичих вэ?” хөтөлбөрийн ерөнхий агуулга

Киргизстан, Казакстан, Монголын 8-10 залуу уран бүтээлчдэд 12 хоногийн сургалтыг зохион байгуулах ба сургалтын хөтөлбөр дараахь сэдвийг хамарна.

• Баримтат кино зохиолын “сэдэв”-ийг сайтар боловсруулах, судалгаа хийх

• Баримтат кино төсөлд шүүмжлэлт шинжилгээ хийж зохиолыг хөгжүүлэх

• “Сэдэв”-ийн талаар нарийвчилсан судалгаа, “сэдэв”-ийн хөгжүүлэгт үндэслэж “баримтат кино төсөл” бичих арга эзэмшүүлэх

• Видео туршилт хийх

• Кино зохиолыг продюсерүүд болон түгээгч нарт хэрхэн танилцуулах, “баримтат кино төсөл” хэрхэн бэлдэх, тухайн орон нутагт боломжит санхүүгийн эх үүсвэрийг судлах 

Хөтөлбөрийн 1-р үе шат:

3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү сургалтын 1-р шат 2014 оны 3-р сарын 3-15 өдрүүдэд Казакстан улсын Алматы хотод болно. Сургалтыг олон улсын нэр хүндтэй кино найруулагч, продюсер болох Самүэл Аубин, Кристоф Постик нар удирдан явуулна. 

- Баримтат киноны “Сэдэв” болон хэв маягийн талаарх нарийн судалгаа хийх (Суралцагчийн урд өмнө нь хийсэн бүтээл эсвэл бусад баримтат кинон дээр дүгнэлт хийнэ)

- Бие даасан судалгааны ажил хийх (өөрийн төслийн гол санаа болон гаргаж тавьж буй асуудалтай холбогдолтой бусад киног ажиглаж дүгнэх, тайлбарлах)

- Багштай ганцаарчилсан хичээл хийх (зураг авалтын байршил, бусад боломжийн талаар дүгнэлт хийх)

- Төслийг дахин боловсруулах 

- Дахин боловсруулсан төслийн талаарх хамт олны болон хувь хүний дүгнэлт 

- Оролцогч багштайгаа тогтмол харилцаа холбоотой байж төслөө дуусгах

Хөтөлбөрийн 2-р үе шат: 

Сургалтаас шалгарсан уран бүтээлчдэд 2013 оны 7-р сард Армени улсын Ереван хотод зохион байгуулагдах “Алтан гүйлс” Кино Наадмын хүрээнд хийгдэх хамтын ажиллагааны “TENK” уулзалтанд оролцож Европын болон орон нутгийн продюсер, телевизүүдэд өөрийнхөө төслийг танилцуулах боломж олгох болно.  

2. Хөтөлбөрт хамрагдах журам, заавар 

Тус сургалтын сонгон шалгаруулалтанд илгээх төсөл нь өнгөрсөн болон өнөө үеийн нийгмийн бодит байдлын талаарх уран бүтээлчийн өөрийн үзэл бодол, нарийн судалгаан  дээр үндэслэсэн бүтээлч баримтат киноны төсөл байх шаардлагатай. 

Сонгон шалгаруулах шалгуур

• Киргизстан, Казакстан эсвэл Монгол улсын иргэн байх

• Кино, телевиз, гэрэл зургийн чиглэлээр мэргэжлийн зохих мэдлэг туршлагатай 19 наснаас дээш уран бүтээлч байх 

• Чанартай, мэргэжлийн түвшинд бэлдсэн, бүрэн гүйцэд өргөдлийн маягт илгээсэн байх

Дутуу бэлдсэн материалыг хүлээж авахгүй ба сонгон шалгаруулалтын хариуг сургалт эхлэхээс 1 сарын өмнө цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

Хөтөлбөрийн зардал 

Тус 2 үе шаттай үйл хөтөлбөрт оролцоход шаардагдах бүх зардлыг зохион байгуулагчид гаргана.  

Бүрдүүлэх материал : 

1. Өргөдлийн маягт,

2. Уран бүтээлчийн товч намтар

3. Төсөл ба холбогдох материал (2-10 хуудас). Төслийн материалын хуудас тус бүр дээр төслийн нэр болон зохиогчийн нэрийг гаргацтай тодорхой бичнэ үү.

Төсөл хүлээн авах хугацаа: 

Хөтөлбөрт оролцох уран бүтээлчид дээр дурьдсан шаардлагатай материалыг Англи, Франц эсвэл Орос хэл дээр гүйцэтгэж  өгөгдсөн дэс дарааллын дагуу 2013 оны 1-р сарын 15-ний өдрийг дуустал Sebastien ESCANDE / EURASIADOC / Ecran Libre 

ecranlibre@ecranlibre.fr эсвэл associate@artscouncil.mn хаягаар цахим хэлбэрээр илгээнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэлтэй 319017 дугаарын утсаар болон associate@artscouncil.mn хаягаар холбогдон лавлана уу.