Медиа урлагийн наадам буюу шинэ хэллэг

Мэдээллийн эрин үед амьдрахын хэрээр мэдлэгийн үнэ цэнэ ихсэх үү, багасах уу? Шинэ мэдээллийн нөлөөгөөр бий болж буй мэдлэг хэдий хугацаанд хүчинтэй вэ, хэр хурдан улиг болох вэ? Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүх, зогсохоо нэгэнт өнгөрсөн цаг хугацаа орчин цагт биднийг авах гээхийн ухаантай байхыг шаардаж, уламжлал ба шинэчлэлийн зааг дээр орших тоймгүй олон шинж чанарын дундаас жинхэнэ бодь шинж нь юу болох талаар асуултууд хариултаа нэхэж байна. Хүссэн хүсээгүй асуултын хариулт нэхэх өдөөлтүүдэд бид хэрхэн зөв хариулах вэ? Эдгээр асуултад хариулт өгөхөөр Улаанбаатар хотод олон улсын шинэ наадам мэндэлж буй. Энэ бол “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн анхдугаар наадам юм.

Урлаг бол бидний “толь”. Чухамдаа ийм “толиуд” Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд бүтэн сарын хугацаанд бидний өмнөөс тусан байх аж. Гэхдээ эдгээр “толь” бидний урьд хожид харж заншсанаас эрс өөр, дэлхий нийт нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөн хэрэглэх болсон медиа хэмээх тусгаар, басхүү өргөн ажилбаруудыг өөртөө багтаасан өвөрмөц тусгалтай.

Монголын Урлагийн Зөвлөлийн “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн дор санаачлан зохион байгуулж буй тус наадмын арга хэмжээнд Ази-Европ, Австрали, АНУ-ын 18 уран бүтээлч оролцож байна. “Орчин үед уламжлалаа бид хэрхэн хадгалах хийгээд уламжлалт сэтгэлгээтэй монголчууд бид орчин үетэй хөл нийлүүлэн алхахад бэлэн үү?” Уламжлал ба шинэчлэл хоёр зэрэгцэн орших боломжтой юу? асуултыг оролцогчид бүтээлээрээ дамжуулан асууна. Наадмын “Уламжлал ба шинэчлэл” медиа үзэсгэлэнгийн куратороор ХБНГУ-ын Кёльн хотын Медиа Урлагийн Академийн мэргэжилтэн, урлаг судлаач БНХАУ-ын иргэн Юү Ми ажиллажээ. Тус үзэсгэлэнд Дани, ХБНГУ, Монгол болон Франц улсын уран бүтээлчид уригдан оролцож, агуулгын хувьд олон талт бүтээлүүдээ толилуулж байгаагаараа онцлог санагдлаа.



Медиа урлаг нь мэдрэхүйн олон түвшинд ажилладаг ба түүх хийгээд хөндөх асуудлын цараа, агшин хийгээд бүрэн зургийн алийг нь ч хүртэх боломжтой олон урлагийн уулзвар юм. Уран бүтээлчид зөвхөн нэг төрөл дагнасан буюу дүрслэх урлагаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг үе халаагаа өнгөрөөгөөд, харин хийсвэр сэтгэлгээ бодит байдал хоёрыг холбох чухал суваг болж буй дэвшилтэд технологийн хөгжилд суурилсан медиа урлагаар дамжуулан үзэл бодлоо олон нийтэд хүргэх нь орчин цагт цаг үеэ олсон шийдэл болоод байна. Тухайлбал Хонг-Конг, Берлин, Токио зэрэг дэлхийн томоохон хотуудад зохион байгуулагддаг Microwave International New Media Arts Festival, European Media Art Festival, Japan Media Arts Festival нь тухайн хотын хөгжлийн нэгэн дархлаа болохын зэрэгцээ нийгэмд тугамдаж буй асуудлыг олон улсын уран бүтээлчдийн дуу хоолойгоор дамжуулан хүргэдэг нэр хүндтэй наадамд тооцогддог байна.

Монгол үзэгчийн нүдээр ажвал дэлгэгдсэн бүтээлүүд инстоляци мэт харагдана. Цаанаа нууцлагдмал, цаанаа ердийн бус. Энэ мэдрэмжийг чухам юу төрүүлнэ вэ? Уламжлалт газар уламжлалт үзэсгэлэн байсан бол хэн ч энэ асуултыг тавихгүй. Харин медиа гэж урлаг дахь шинэчлэл биш урлаг дахь дамжуулагч энэхүү асуултыг өдөөнө. Яагаад гэвэл энэ дамжуулагч урлагийг бидэнд илүү ойртуулан туурвигчийн уран бүтээлийн гүнд үзэгчийн оюун бодлыг авчирна. Дамжуулагчийн ямар хэрэгслийг ашиглах нь тухайн уран бүтээлчийн сонголт. Чухамдаа медиа хэлээр хүүрнэхэд түүний ур чадвар, техник технологийн мэдлэг шаардагдах нь гарцаагүй. Иймээс наадмыг сонирхон хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд цаашид хөгжих, сурах, боловсрох сэдлийг үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд, уран бүтээлчдийн ярилцлага, уулзалт, сургалтууд төрүүлнэ хэмээн найдаж байна. Наадамд дэлгэгдсэн олон улсын бүтээлүүд дотроос Австралийн уран бүтээлч, кино найруулагч Леннэт Валворт, АНУ-ын кино продюсер Никол Ньюхам нарын хамтран бүтээсэн “Мөргөлдөөн” виртуал кино олны анхаарлыг агуулга сэдвийн уялдаа хийгээд хийц гүйцэтгэлээрээ онцгойгоор татаж байв. Тусгай төхөөрөмж нүдэндээ зүүж үзэх виртуал киног аль ч өнцгөөс үзэж болох ба ерөөс медиа урлаг нь хүний оюун бодлыг ямар ч нөхцөлд авайчих боломжтойн нэгэн тод жишээ болж байна. Үзэгч та өөрөө очиж үзээд мэдрэх боломжтой болохоор бусад бүтээлийн талаар нуршихаас би татгалзъя.


Товчхондоо дүгнэхэд медиа урлаг нь бидний хувьд цоо шинэ хэллэг болж байна. Энэ хэллэгийг монголын үзэгчдэд танилцуулах эхлэлийг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам тавьлаа. Бүх дэлхийгээрээ ярьж буй уламжлал шинэчлэлийн асуудлыг урлагаар дамжуулан хөндөхгүй бол өөр юу энэ асуудлыг ийм оновчтой өдөөх билээ? Аливаа улс өөрийн гэсэн философитой, онцлог шинж чанартай өргөн ухагдахуун бүхий олон улсын наадам зохион байгуулах нь тухайн улсын, хотын нийгэм, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой байдаг. Нэг асуудлын төлөө олноороо нэгдэж байдаг нь наадмын нэн сайхан шинж чанар агаад цаг хугацааны уртад үзэгчдэд толилуулагддаг соёл урлагийн үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэнгийн шинэ санаа, агуулгыг дагаад үзэгч өөрөө хөгжиж байх бодит хөшүүрэг нь наадам юм.

Хувьсах дэлхийн урлаг бол медиа урлаг. Харин би жил бүр хүлээх шинэ урлагийн наадам ийнхүү мэндэлж буйд талархаад үл барна.


Нийтлэлч З.Энхмөнх