КОНТЕМПОРАРИ БҮЖИГ – ОЛСНОО АЛДАХУЙ


Эцсийн эцэст та намайг оллоо. Одоо хамгийн чухал асуудал бол та намайг алдах. Өөрөөр хэлбэл намайг алдсанаараа та намайг олох, эс бөгөөс ойлгох. Одоо бол намайг олчихоод байна. Цааш нь алдах хэрэгтэй. Ницшегийн энэ үг контемпорари урлагийг цөөн үгээр тодорхойлох шиг санагддаг...

Монголын Урлагийн Зөвлөл Монголд анх удаа олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Моушин Монголиа” нэрээр зохиож байна. Цаашид хоёр жил тутамд зохиогдох уг наадамд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хосууд хүрэлцэн ирж, дэлхийн жишигт нийцсэн тоглолтуудаа Монголын тайзнаа тавина. Монголоос бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл авалт” орчин үеийн бүжгийг шинээр дэглэн толилуулж, зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг наадмын туршид гаргаж байгаа нь наадмын цар хүрээг өргөжүүлэн, соёлын олон төрөл зүйлийг таниулж буй явдал юм.




КОНТЕМПОРАРИ УРЛАГ – ШИНЭ ТОМЪЁО

Юуны өмнө контемпорари урлагийг орчин үеийн урлаг хэмээн шууд хөрвүүлэн хэрэглэхэд модерн буюу орчин үе, яг одоо энэ байгаа орчин цаг гэдэг агуулгуудтай холилдож, уран бүтээлчид хийгээд үзэгчид ихээхэн төөрөлдөж байгаа тул шууд контемпорари гэдэг нэршлээр нь бичвэрт ашигласнаа дуулгая.

Модерн, пост модерн, пост пост урлагуудын халаа болж контемпорари урлаг мэндэллээ. Урлагийн төлөө урлагийг шинэ шатанд гаргаж, заавал үзэгчдэд биш олон нийтэд биш урлагийн үнэн байх, сайхан байх чанарын төлөө зөвхөн урлагт зориулж урлах гэсэн ойлголт газар авав. Заавал олон суудал, олон үзэгчтэй театрт олон шүтэн бишрэгчтэй байх албагүй, харин урлаг үнэн байх ёстойг контемпорари сануулж байна. Нэгэнт хүн төрөлхтөний амьдрал, аж төрөхүй, ахуй өөрчлөгдсөн тул урлагийн хэл ч ийнхүү хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй. Энэ урлагийн талаар Хөх нар орчин үеийн төвийн үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир“Урлаг дахь сэтгэлгээний томъёолол их өөрчлөлтөнд орчихсон байх. Бид урлагийг харахдаа бүрXIX зууны юмуу,XX зуунымодернистуудын элемэнтүүд дээр тоглоод, амьсгалаад яваагаа урлагийн түвшин болгоод тогтоочихдог. Тэгтэл контемпорари урлаг бол урлаг дахь энэ томъёоллуудыг мартаад шинэ томъёоллуудыг гаргаж ирснээрээ их сонирхолтой” гэв. Харин Урлаг судлалын ухааны докторант М.Батзориг “Сайхан нь ийм байх ёстой гэж хайрцаглаад байгаа загварыг л үгүйсгээд байгаа. Түүнээс биш сайхныг тэр чигээр нь үгүйсгээгүй. Сайхныг бүрдүүлж байсан тэр хүчинтэй чанарууд л алдагдаж эхлэж байгаа юм. Ингэвэл бүр илүү сайхан юм бишүү? Сайхан гэдэг чинь ийм чөлөөтэй юм бишүү? Сайхан чинь маш энгийн зүйл юм бишүү? Сайхан зүйлс амьдрал дээр хэзээ ч анхаарал татдаггүй, намайг хараад өгөөчээ, намайг анзаараад өгөөчээ гэж хэзээ ч шаарддаггүй, зүгээр байгаагаараа л байж байдаг шиг илүү сайхан зүйлсийг нээж харж байгаа процесс юм” гэлээ.

Контемпорари уран бүтээлч хийгээд үзэгчийн аль алийнх нь тархинд үргэлжид гүн психологийн танин мэдэхүй явагдах бөгөөд уурлах, атаархах, гутрах, гашуудах, эмгэнэх үйл явцууд хүчтэй өрнөж, өөрийн психологитой ажиллах боломжийг яг одоод олгоно. Роман уншиж айдсаа дарах, хөгжим сонсож хорвоог уучлах, зураг хараад бясалгал хийдэг шиг бүжиг үзэн зөрчилтэйгөө нүүр тулах нь гайхам.

КОНТЕМПОРАРИ БҮЖИГ – ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛАХУЙ

Балетын хатуу дэг сургууль, баригдмал хөдөлгөөнүүдээс залхсан хэсэг бүжигчид үүний эсрэг зүйлийг хийнэ хэмээн шулуудаж 1950-аад оны үед контемпорари бүжгийн суурийг тавьсан гэдэг. Тиймдээ ч сонгодог форм бүхий бүжгүүдийн хэт төвлөрсөн, нэг талаараа хөшингө гэж хэлж болох хэв маягуудаас татгалзаж, агуулгыг шууд өөрийнхөөрөө илэрхийлэн /express/ гаргах болов. Ингэхдээ дэлхийн өнцөг булан бүрийн бүжгүүдээс санаа авч, төдийлөн харагдаад байдаггүй хөдөлгөөнүүдийг ашиглаж байлаа. Тиймээс контемпорари бүжгээс модерн бүжиг, балет, хип хоп, жазз болон улс үндэстнүүдийн уламжлалт бүжгийн элемэнтүүд харагдаж, тийм гэхийн тэмдэггүй байдаг. Энэ төрлийн бүжигт үндсэн хөдөлгөөн гэж үгүй, бүхий л техник хөдөлгөөн, тэгш хэмийг эвдэж байсан нь тухайн үеийн классик сургуулиудын хувьд шинэ бөгөөд шүүмжлэлт зүйл болж байв.

Контемпорари урлагийн талаар урлаг судлаачид “Урлагийн бүх сайн сайхан нь нэгэнт хийгдсэн бөгөөд үүнээс цааш сайхан гэж үгүй, хийх зүйл үлдээгүй тул одоо байгаануудыг нэгдэлжүүлж, түүнийг ашиглан шинийг бүтээж буйгаа тэд контемпорари гэж нэрлэдэг” хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ энэ урлагийн хамгийн гол зүйл нь бүжигчин урдаас төлөвлөж, сайтар найруулсан, түүнээс өөрөөр хөдлөх боломжгүйг илэрхийлэх бус өөрийн дотоод руу зорчиж, үнэнийг эрэлхийлэн, түүнийгээ илэрхийлэн гаргах үйл явц юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн хөдөлгөөндөө бус дотоод мэдрэмж, сэтгэхүйгээ чөлөөлж, хязгааргүй орчныг бий болгож байж контемпорари бүжиг бий болно. Нөгөөтэйгүүр, хүний биеийг зориудаар сунгаж, татсан, байгалийн бус хөдөлгөөнүүдээр гоёчлох бус “бидний бие чинь ийм л шүү дээ” гэх үнэнтэй уулзуулж, өдөр тутмын хөдөлгөөнүүдийг ус урсах мэт төвөггүйхэн гаргадаг билээ.

КОНТЕМПОРАРИ БҮЖГИЙН ЧУХАЛ ҮЕҮҮД

Америк дахь контемпорари бүжгийн үүсэл гарал яах аргагүй Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес дахь соёлын төвүүдтэй холбогддог. Хөгжилд гол нөлөөлсөн хүн нь Исодора Данкан. Тэрээр “Бүжиг гэж юу вэ” гэсэн асуултыг “Бүжиг юу байж болох вэ” гэсэн асуулт болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзээд бүжгийг өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлэх машин болгож дахин шинэчилснээр эхлүүлсэн. Өөрийн дотоод амьдрал, амь, сэтгэлд нуусан үнэнийг ил гаргахыг чухалчилсан нь тухайн үед байсан бүжиг хэмээх ойлголтыг эвдэж, энэ талаар дахин нухацтайгаар бодоход хүргэсэн байдаг. Ингэснээр контемпорари бүжиг алдарт варьетти урлагтай өрсөлдөж эхэлжээ.

Үүний дараа Марта Грахам гэгч энэ санааг нь үргэлжлүүлэн хүүрнэлт хөдөлгөөнүүдээс илүү өөрийгөө илэрхийлэх, өөрийн үнэнийг илчлэх хөдөлгөөнүүдэд дурлах болсон. Татах хүчийг сонирхох болсон тэрээр бүжигчиддээ балетын шаахай өмсгөхөөс татгалзаж, хөл нүцгэн бүжиглүүлэх болов. Түүний сурагчдаас насан туршийн хамтрагчид гэгддэг Мээрс Каннинкам болон Жон Кэйж* нар санааг нь үргэлжлүүлэн, Жон Кэйж хөгжмийг ая болгож, Мээрс нь бүжгийг хөдөлгөөн болгон дахин шинэчилсэн байдаг. Мээрс маш энгийн гэж харагдахаар хөдөлгөөнүүдийг бүжигт оруулж, хялбар элемэнтүүдтэй тоглодог байсан бөгөөд хажуугаар нь заавал хөгжимтэй байх шаардлагыг авч хаясан. Тэдний энэ бүх туршилтууд Данканы асуултад хариулт өгч “Бүжиг гэдэг юу ч байж болох” гэдгийг харуулсан байдаг. Энэ нь контемпорари урлагт бүх зүйл урлаг, бүх хүн уран бүтээлч байж болно хэмээх үзэлтэй яв цав нийцэж буй юм.

* Жон Кейжийн 4.33 нэртэй перформанс тухайн үед тэсрэлт хийж, өдгөө орчин үеийн урлагийнхан энэ бүтээлтэй эн зэрэгцэхүйц бүтээлийг эрэлхийлсээр байна. Нийт 4 минут 33 секундын турш хөгжимчид болон удирдаачид АНИРГҮЙГ тоглоно. Нэг ч авиа, чимээ гаргахгүй, зөвхөн аниргүй. 1952 онд тоглогдсон энэ “хөгжим”-ийг үзэгч бүр өөр өөрийнхөөрөө сонссон нь лавтай.

Дараагаар нь, 1962 онд Гринвич тосгонд хэсэг уран бүтээлчид нэгдэн “Judson” театрыг байгуулж, бүжиг болон бодит амьдралын заагийг арилган, нэгэн цул болгохоор ажиллаж эхлэв. Тэд бүжигчин биш хүмүүсийг бэлтгэлдээ оролцуулж тэдний өдөр тутмын хөдөлгөөнүүдээс суралцаж, бүжгийн формдоо оролцуулахын зэрэгцээ соёлын өргөн асуудлуудаас нь суралцсаар байлаа. Энэ л нөлөөллүүд өнөөгийн контемпорари бүжгийг бий болох замыг тавьсан билээ. Өнөөдөр контемпорари бүжгийн маш олон компаниуд байгуулагдаж, мэргэжлийн түвшинд өндөр борлуулалттайгаар хувьсан өөрчлөгдсөөр байна.

КОНТЕМПОРАРИ БҮЖГИЙН ЗАРИМ ЭЛЕМЭНТҮҮД:

Абстракт: Ерөнхий агуулгаас илүүтэй хөдөлгөөнүүдэд төвлөрөх байдал. Энэ нь дүрслэх урлагийн абстракт зургийг санагдуулж болох юм. Ойлгомжгүй мэт боловч ур чадвар, өнгө, шинжлэх ухааны төгс зохицол.

Урьдчилан таашгүй байдал: Багаараа яг л нэг хүн мэт бүжиглэхээс татгалзаж,бүжигчид нь ихэвчлэн хоорондоо зөрсөн зүг чиг, поз, ритмүүдийг ашигладаг. Өмнө нь бид бүжиг үзэхдээ агуулга, өгүүлэмж, тайз засал, хөдөлгөөн гэх мэтээс урьдчилан таамаглах боломжтой байсан. Харин одоо хувийн “орчуулагчтай” байх шаардлагатай болоо юу даа гэмээр санаанд оромгүй зүйлс таныг угтана.

Амьсгал: Контемпорари болон модерн бүжигт бүжигчид нь амьсгалаа бүжгийнхээ гол хэсэг болгож ашигладаг. Сайн чагнавал бүжигчдийн амьсгал сонсогдох бөгөөд энэ нь бүжгийн бас нэгэн зэвсэг, хэсэг, элемэнт гэж ойлгож болно.

Тайзны ажиллагаа: Ихэнх контемпорари бүжгийн сурагчид тайзыг өөрсдийнхөө эхний хамтрагч байхаар суралцдаг. Тэд тайзан дээр бүжиглэх биш харин тайзтай харилцаж, түүний нэгэн хэсэг мэт уусан нэгдэнэ.

Стандарт биш хөдөлгөөнүүд: Контемпорари бүжгийн хөдөлгөөнүүдийг нэрлэж, оноосон тогтсон хэллэг байхгүй. Тиймээс бүжигчид өөрсдөө шинэ хөдөлгөөн, байрлал зэргийг туршин нэвтрүүлэх боломжтой бөгөөд заавал техник чадварууд болон төгс хөдөлгөөнүүдийг агуулсан байх шаардлагагүй.

Гэвч контемпорари бүжиг бол яг л ийм зүйл юм хэмээн мэдэмхийрэн, яаран тодорхойлох гэж оролдсоны хэрэггүй хэмээн алдарт “UCLA” сургуулийн уран бүтээлчид үзэв. Энэ нь ч зөв. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс яг л нэг зүйлийг өөр өөрийнхөөрөө, маш олон төрлөөр нэрлэж, энэ бүжгийн талаар маш олон өөр өөр бодол, тодорхойлолттой байна. Тэгээд ч энэ бүжиг нь бусад бүжиг шиг түүхэн контескстээс гарч ирсэн туршлагагүй, төрөлжүүлэх оролдлогууд бүгд бүтэлгүйтсэн, эрх чөлөөг өөрийн тунхагаа болгосон байдаг. Тиймээс барьж, хорьж, нэрлэж, нэршиж, өмчилж, тодорхойлох гээд л эхэлвэл сонгодогийн адил жаазанд орох бишүү.

Тодорхойгүй хэмээх тодорхойлолтыг хэрхэн ойлгох вэ

Гаж, сонин, содон, өвөрмөц гэж тодорхойлдог контемпорари урлаг үнэндээ хэт энгийн, сүржин даржин, нүсэр биш. Үнэтэй хувцас хэрэглэл, гайхалтай том тайз ч хэрэггүй, ердөө үнэн л байх хэрэгтэй. Гэтэл энэ урлагийн үзэл санаанаас ахадсан гэмээр асуултуудаар булдаг нь урлаг судлаачдын зан. Харин нүдэнд дасаагүй, ойлгомжгүй хөдөлгөөнүүдийг бид хэрхэн ойлгож үзэх талаар Данкен “Бүжиг бол биднийг хэн гэдгийг харуулдаг арга хэрэгсэл юм” гэсэн хариултаар хариу барьжээ. Үзнэ гэж бодож хүлээсэн зүйл болон үзэж байгаа зүйл хоёрынхоо хана хэрмийг буулгаснаар ойлгоход хэцүү бүжиг гэж үгүй болох бөгөөд бүжиг болон үзэгч хоорондоо харилцан яриа үүсгэх нь орчин цагийн шинэ эстетик гэлтэй.

Энэ нь л эцсийн эцэст хайж олсон зүйлээ сайн дураар буцааж хаях, алдах. Алдсанаараа жинхэнэ үнэнийг олох, ойлгох гэсэн Ницшегийн санаа болно.


“Эргийн шувуу” бүжиг. Мээрс Каннинкамын бүжгийн компанид 1991 онд. Гэрэл зургийг: Николас Страусс


“Хорвоод илгээх захидал” Марта Грахам, 1940 он.



2010 оны Эми авардсын “Outstanding дэглэлт” төрөлд ялалт байгуулсан “Татах хүч” бүжигт аливаад донтогсодыг харуулдаг.

Нийтлэлч Б.Гэрэлмаа