Дүрст мэдээ

11-р сар 20, 2014

ИРЭЭДҮЙН УРАН БҮТЭЭЛЧДЭД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО.


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2012 оноос хойш Орифлэйм Монгол ХХК-ний дэмжлэгтэйгээр соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй авьяаслаг, мэргэжилдээ идэвхи санаачлагатай боловч санхүүгийн бэрхшээлтэй оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Гурав дахь жилдээ үргэлжилж буй тус тэтгэлэгт хөтөлбөрт Хөгжим Бүжгийн Коллежийн 10 авъяаслаг оюутан хамрагдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг хүлээн авч байна.

Орифлэйм Монгол ХХК-ны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжлийн урлагийн сургуулийн авъяаслаг оюутан сурагчдын ур чадвар, сурах хүсэл эрмэлзэлийг дэмжих замаар Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар үндэсний болон сонгодог хөгжим, дуу, бүжгийн чиглэлээр амжилттай суралцаж буй 30 оюутныг дэмжээд байна.
2014-2015 онд тэтгэлэг хүлээн авсан Хөгжим Бүжгийн Коллежийн Шударга хөгжмийн 4а ангийн оюутан Ц.Мандухай, Дуурийн дуулаачийн 4б ангийн оюутан М.Бямба-Эрдэнэ, Дуурийн дуулаачийн 3б ангийн оюутан М.Нямсүрэн, Дуурийн дуулаачийн 3б ангийн оюутан Т.Энхдулам, Кларнет хөгжмийн 2а ангийн оюутан Б.Амаржаргал, Виолончель хөгжмийн 2а ангийн оюутан Ж.Доржсүрэн, Хийл хөгжмийн 2а ангийн оюутан Б.Дөлгөөнзаяа, Угалзан бүрээ хөгжмийн 1а ангийн оюутан Г.Нямсүрэн, Лимбэ хөгжмийн 11б ангийн сурагч Д.Хосбаяр, Төгөлдөр хуурын 2а ангийн оюутан Ж.Ариунзаяа нарт сурлагын өндөр амжилтыг хүсч, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах авьяаслаг уран бүтээлч болохыг хүсэн ерөөе!