“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ОЛГОГДЛОО.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглсэн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.
Түүний нэг нь 2010 оноос хойш Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтран хэрэгжүүлдэг "Ирээдүйн Авьяастан" тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь ирээдүйд Монгол улсад нэн шаардлагатай хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, утсан хөгжимчин мэргэжлээр суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
2014-2015 оны тус тэтгэлэгийг Хөгжим Бүжгийн Коллежийн Морин хийл хөгжмийн 4а ангийн оюутан Б.Анхмаа, Альт хөгжмийн 4а ангийн оюутан А.Ариунномин, Хийл хөгжмийн 4а ангийн оюутан Б.Номуунаа болон Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн зохиолчийн 3-р ангийн оюутан Ж.Нямсүрэн, 2-р ангийн оюутан Ж.Түвшинтөгс нар хүлээн авлаа.
2010 оноос хойш олгогдож буй энэхүү тэтгэлгийг нийт 21 оюутан залуус хүртэж, хөгжим судлал, хөгжмийн зохиомж, удирдаач, утсан хөгжмийн чиглэлээр амжилттай суралцаж, ажиллаж байна.