Дүрст мэдээ

11-р сар 07, 2022

“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ ОЛГОГДЛОО.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Түүний нэг нь 2010 оноос хойш Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо хамтран хэрэгжүүлдэг “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь ирээдүйд Монгол улсад нэн шаардлагатай ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр  оруулах зорилготой юм.

2022-2023 оны тус тэтгэлэгийг Монгол Улсын Консерваторийн Төгөлдөр хуур хөгжмийн 4-р курсын оюутан Б.Тэнгис, Флейт хөгжмийн 3-р курсын оюутан Б.Дөлгөөн, Эвэр бүрээ хөгжмийн 11в ангийн сурагч О.Батжин нар хүлээн авлаа.

2010 оноос хойш олгогдож буй энэхүү тэтгэлгийг нийт 50 оюутан залуус хүртэж, 37 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг соёл урлагийн салбарт оруулсан байна.