“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ОЛГОГДЛОО.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.
Түүний нэг нь 2010 оноос хойш Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтран хэрэгжүүлдэг “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь ирээдүйд Монгол улсад нэн шаардлагатай ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
2019-2020 оны тус тэтгэлэгийг СУИС-ийн Дүрслэх, Дизайн урлагийн сургуулийн оюутан Х.Ганганмөрөн, Соёлын сургуулийн оюутан Н.Пүрэврагчаа, Хөгжмийн урлагийн сургуулийн оюутан А.Анужин нар хүлээн авлаа.
2010 оноос хойш олгогдож буй энэхүү тэтгэлгийг нийт 41 оюутан залуус хүртэж, 29 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг соёл урлагийн салбарт оруулсан байна. Ийнхүү тус тэтгэлэгийг хүртсэн залуус нь найруулагч, утга зохиол судлал, график дизайн, хөгжим судлал, хөгжмийн зохиомж, удирдаач, утсан хөгжмийн чиглэл, хувцас дизайн, дүрслэх, зураасан зураг, соёл, урлаг судлалын мэргэжлээр амжилттай суралцаж, ажиллаж байна.