Дүрст мэдээ

10-р сар 06, 2020

"Ирээдүйн авьяастан" сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.


Хөтөлбөрийн зорилго:                                                                    

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, Ротари хөгжлийн сан, Ажигана групп хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг 11 дэх жилдээ зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр нь соёл урлагийн их дээд сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, тэдний цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой болно.

Хөтөлбөрийн хамрах хүрээ:                             

МУЗ нь Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж буй орлого багатай өрхийн онц сурлагатай, үндэсний урлагийн ховор мэргэжлээр суралцаж буй, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, авьяастай 3 оюутанд 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгоно.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

1. Хөтөлбөр нь 2020 оны 9 сарын 01-аас 2021 оны 6 сарын 01-ийг дуустал хэрэгжинэ.

2. Хөтөлбөрт оролцох 3 оюутан сурагчийн материалыг Соёл Урлагийн Их Сургуулийн Сургалт Хариуцсан албанаас 2020 оны 10 дугаар сарын 27-нд МУЗ-д хүргүүлнэ. /Хавсралт 1-д хугацааг тодорхой заасан/

Сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлт:

1. Хөтөлбөрт хамрагдагч нь 2 дугаар курсыг дүүргэсэн оюутан байх

2. Оюутны улирлын голч дүн 3-аас дээш байх байх

3. Тухайн оюутан сурагч нь авьяастай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, мэргэжлээр дэвшин суралцах хүсэл эрмэлзлэлтэй, нийгмийн идэвхитэй байх

4. Өрхийн орлогыг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулах.

Сонгон шалгаруулалт:         

1. Анхан шатны сонгон шалгаруулалтыг сургууль хийнэ.

2. Эцсийн сонгон шалгаруулалтыг Сонгон шалгаруулах хороо явуулна. Тус хорооны бүрэлдэхүүнд МУЗ болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо болон холбогдох байгууллагын төлөөлөл багтана.  

3. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан сурагчдад тэтгэлэг хүртэх эрхийн бичгийг гардуулах ба эрхийн бичигт хэдэн төгрөгийн тэтгэлэг олгохыг заасан байна.

Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал:

1. Анкет (маягтын дагуу, Хавсралт 2), цээж зураг (3х4 хэмжээтэй).

2. Сургуулийн албан ёсны тодорхойлолт, албан бичиг (тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвхи, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна).

3. Тухайн жилийн сургалтын дүн (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна).

4. Тэтгэлэг хүсэгчийн хувь хүний болон нийгмийн ур чадварыг бодитоор тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт (маягтын дагуу, Хавсралт 3). Үүнд: Cургуулийн удирдлага, анги даасан болон бусад хичээлийн багш нар, сургуулийн нийгмийн ажилтан, секц дугуйлангийн багш нар зэрэг хүмүүсийн тодорхойлолт байж болно.

5. Өөрийн ирээдүйн зорилго, зорилт, сонирхол, эзэмшихийг хүсэж байгаа мэргэжлийн талаар компьютерээр Монгол хэл дээр бичсэн 200-аас доошгүй үгтэй эссэ бичнэ. 

6. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлж байсан, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар.

7. Өрхийн орлогын болон ам бүлийн тодорхойлолт (харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн  тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна). 

8. Эцэг эх, асран хамгаалагчийн цалингийн тодорхойлолт.

9. Бүрдүүлсэн эдгээр материалыг МУЗ-д 2020 оны 10 дүгээр сарын 27-ны дотор хүргүүлнэ.

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол МУЗ-ийн хөтөлбөр зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319015, 319017 утас болон education@artscouncil хаягаар холбогдоно уу.

https://drive.google.com/file/...