Дүрст мэдээ

6-р сар 10, 2019

З.ОЮУНБИЛЭГ: СОЁЛЫН ӨВИЙН БОЛОВСРОЛЫГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИАС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Улаанбаатар хотод байдаг зуугаас дээш настай хуруу дарам барилгуудын нэг болох Чойжин ламын сүм музей нь хэлмэгдүүлэлтийн хэцүү шуургыг давж чадсан ч орчин цагийн эрчимтэй хотжилт, байгаль, нийгмийн нөлөөг тэсч үлдэх хүндхэн сорилттой тулгараад байгаа нь 2017 онд Монголын Урлагийн Зөвлөлийн хийлгэсэн судалгаагаар тодорхой болжээ. Өдгөө 110 нас хүрч буй Чойжин ламын сүм музейд Монголын үндэсний өв соёлын үнэт, тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын болон түүний дэг сургуулийн хийцийн хосгүй нандин үзмэрүүд хадгалагддаг. Судалгаанаас гарсан зөвлөмжийг даруй хэрэгжүүлэхгүй бол сүм музей, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтад учрах эрсдэлүүд улам бүр нэмэгдэнэ.

Ийм цаг үед М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан соёлын өвийг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн нь нүдээ олсон хэрэг болж байна. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан таван жилийн хугацаанд 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор болсны анхны ажил нь Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төсөл юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд энэ зургаадугаар сард хэрмэн хашаан доторх явган зам, ногоон байгууламжийн шинэчлэлт, тохижилтыг хийхээс гадна хадгалалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар АНУ-аас мэргэжилтэн ирж ажиллаж байна.

Энэ талаар Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалт төслийн зөвлөхөөр ажиллаж буй Монгол Улсын Зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэгтэй ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу?

- Би Монголд бэлтгэгдэж төгссөн анхны 17 архитекторын нэг. 1978 онд МУИС-ийг төгсөөд өөрийн хүсэлтээр Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар орж, сэргээн засварлагч архитектораар 14 жил ажилласан. Дараа нь Соёлын яаманд Түүх, соёлын дурсгал, музей хариуцсан мэргэжилтнээр 22 жил ажиллахдаа Соёлын өвийг хамгаалах хууль, журам дүрэм боловсруулах, архитектурын дурсгалыг сэргээн засварлах хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Сүүлийн жилүүдэд Дурсгалт барилгын сэргээн засварлалтын сэдвээр хичээл зааж, сэргээн засварлалтын Зөвлөх архитектораар ажиллаж байна.

- Та Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажилд өмнө нь хэд хэдэн удаа гар бие оролцож байсан гэсэн. Энэ удаагийн төсөл өмнөх төслүүдээс юугаараа онцлог вэ?

- 1988 онд Соёлын яамны захиалгаар Чойжин ламын сүм музейн Хүндэтгэлийн асар хаалга, Махранзын сүм хоорондох талбайд тэгш хэмийн байрлалд байсан хоёр давхар хуучин сүмийн гадна талыг анхны төрх байдлаар нь, дотор талыг нь музейн захиргаа, сан хөмрөг зэрэг байхаар ажлын зураг хийсэн. Түүнчлэн Монголын Урлагийн Зөвлөлөөс 2008 онд хэрэгжүүлсэн “Чойжин ламын сүмийн хэмжилт судалгаа” төсөлд архитектораар ажиллаж, 2017 онд хэрэгжүүлсэн “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа” төслийн хүрээнд барилгуудын сэргээн засварлалтын түүх, барилгын материал, барилга тус бүрийн эвдрэл гэмтлийн судалгааг хийсэн. Өмнө нь эдгээр төслүүдэд оролцож байсан, барилгаа мэддэгийн хувьд нөгөө талаар Монгол Улсын Сэргээн засварлалтын Зөвлөх архитекторын үүднээс “Өв эрдэнэ” хөтөлбөрийн шинэ төсөлд зөвлөхөөр оролцуулсан болов уу. Энэ удаагийн төсөл хувийн хэвшлийн, тэр дундаа үндэсний компанийн санхүүжилтээр хэрэгжиж байгаагаараа онцлог болж байна.

- Төслийн ажил ямар шатандаа явж байгаа вэ? Орчны тохижилтын ажил энэ сард дуусах төлөвлөгөөтэй гэсэн?

- Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлсэн “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа” төслийн хүрээнд 9 төрлийн судалгаа хийж, судалгаа тус бүрт дүгнэлт, зөвлөмж гарсан. Зөвлөмжид үндэслэн эхний ээлжинд музейн орчны тохижилтын ажлыг хийж байна. Наадмаас өмнө музейн хашаан доторх явган замыг сэргээн засварлаж, ногоон байгууламж шинээр байгуулах ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна.

Тохижилтын ажлыг эхлүүлэхийн өмнө археологийн судалгаа хийж, мөн түүхэн гэрэл зураг, сэргээн засварлалтын түүх, музейн хашаан доторх ургамлын нөмрөгийн судалгааг хийж, судалгаандаа үндэслэн орчны төлөвлөлтийн одоогийн загварыг шийдсэн. Тухайлбал, Археологийн судалгаагаар явган хүний хуучин зам, дөрвөн дуганы үлдэгдэл туурь, чулуун хөшөө дурсгалын байршлыг тогтоож, заримыг нь ил үзмэр болгохоор шийдсэн. Мөн ургамлын нөлөөллийн судалгааны дүгнэлт зөвлөмжийн дагуу хүндэтгэлийн асар хаалгаас хойш байгаа 70 гаруй ойт хээрийн ургамал, улаан номд орсон гурван төрлийн ургамал байгалийнхаа гаралтаар байгааг хэвээр нь үлдээхээр болсон. Одоо хийгдэж байгаа орчны тохижилт, шинэчлэлтийн ажлыг сүмийн байгууламжийн тэгш хэмийг сэргээх зарчмаар явган замын сүлжээ, ногоон байгуулалтыг төлөвлөж шийдсэн.

- Сэргээн засварлалтын ажил хэзээ эхлэх вэ?

- Сэргээн засварлалт хийхийн тулд түүх-архивын судалгаанаас гадна газар дээр нь судалгаа хийх, судалгаанд суурилсан төлөвлөгөө боловсруулж, ажлын зураг гаргах ёстой. Бид АНУ-аас сэргээн засварлалтын мэргэжилтнийг авчран Чойжин ламын сүм музейд барилгын оношилгоо хийлгэж байна. Судалгаанд үндэслэн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын менежментийг боловсруулсны дараа энэ ондоо багтааж Чойжин ламын сүм музейн найман дуганыг сэргээн засварлах ажлын зургийг эрх бүхий мэргэжлийн компаниар хийлгэнэ. Менежментийн төлөвлөгөө, сэргээн засварлалтын зургийг хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа гэсэн үг, харин сэргээн засварлах ажлын санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

- “Өв Эрдэнэ” хөтөлбөрт хамрагдах эхний төслөөр Чойжин ламын сүм музей шалгарсан нь энэ сүмийн түүхэн ач холбогдол, архитектурын онцлогтой холбоотой юу?

- Тус музейн байгаль, нийгмийн орчны нөлөөллийн судалгаа хийгдсэн байсан нь сонгогдох үндсэн шалтгаан болсон. Ер нь судалгаатай байж дараагийн ажлуудаа хийх ёстой юм байна гээд одоогоор Богд Хааны ордон музейд нөлөөллийн судалгаа хийж байна. Судалгаа мөн М-Си-Эс Группийн “Өв Эрдэнэ” хөтөлбөрөөс санхүүжиж байгаа.

Чойжийн ламын сүм музейн найман дуганы нэг Өндөр гэгээний сүм архитектур төлөвлөлт, хийц, урлалын хувьд маш онцлог. Энэ сүмийн хананд 16 Найданг ингэмэл байдлаар дүрсэлсэн, монголд өөр ийм сүм байхгүй. Монголын түүхэн дэх цор ганц төрийн Чойжинд зориулсан гэдгээрээ Гол сүм нь төлөвлөлтийн хувьд бас өвөрмөц. Сүм музейн цогцолборын тэгш хэмийн төлөвлөлт, барилгуудын хийц, чимэглэл, өнгө будаг нь уран сайхны хувьд үнэ цэнтэй архитектурын дурсгал бөгөөд түүхэн хүний амьдрал, үйлтэй холбоотой учраас ач холбогдол ч өндөр.

- Манай улсад хэлмэгдүүлэлтийн үед ихэнх сүм дуганыг нураасан гэдэг. Үлдсэн цөөн сүм, хийдээ хамгаалахад төр засгаас хэр анхаарал хандуулж байна?

- Түүхийн судалгаагаар 700 гаруй сүм хийд байсан гэдэг. Сүм, дуган, хийдийн талаар дорвитой судалгаа хийсэн анхны хүн бол Д.Майдар гуай юм. 1941 онд түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн бүхий Амарбаясгалант хийд, Эрдэнэ Зуу хийд, Чойжин ламын сүм, Богдын Ногоон ордон, хотын туурь, булш бунхан зэргийг улсын хамгаалалтад авч, 1973 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийн засварын газар байгуулагдан сэргээн засварлаж эхэлсэн. 2001 онд Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт долоон барилга, цогцолборын хамгаалалтын бүсийг тогтоож, улсын хамгаалалтад авсны нэг нь Чойжин ламын сүм. Гэтэл өнөөдөр Соёлын өвийг хамгаалах хууль зөрчигдөж, хамгаалалтын бүсэд харагдах сүр барааг нь хаасан, массын харьцаа алдагдсан, уламжлалт орчныг нь өөрчилсөн өндөр барилгууд ихээр баригдаж сүмийн орой нь ч харагдахгүй болсон байна.

- Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад төрийн бодлогоос гадна төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, хувь хүмүүсийн оролцоо чухал юм байна гэж энэ төслөөс харагдаж байна. Үүнийг цаашид сайн жишиг болгож тогтвортой үргэлжлүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

- “Соёлын өвийг хамгаалах” гэдэг маш өргөн ойлголт. Юун түрүүнд бидэнд байгаа соёлын өвөө бүрэн бүртгэж, судалж, үнэ цэнийг нь тодорхойлж, дараа нь хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг тогтмол хийх ёстой. Соёлын өвөө сурталчилж, түүнийг хамгаалах ард иргэд, албан байгууллагын ийм санаачилга, хөдөлгөөн, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг төр сайн дэмжих хэрэгтэй.  Өв соёлоо хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж байж улс орон оршин тогтноно, бусад үндэстнээс ялгарна. Тийм ч учраас Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдаг. Соёлын өвийн үнэ цэнийг мэдэж байж хайрлаж хамгаална. Тиймээс иргэдэд бүр цэцэрлэг, сургуулиас нь соёлын өвийн боловсрол олгодог болох хэрэгтэй.

- Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг. Хүмүүст өв соёлоо сурталчилж таниулж байж хадгалж, хамгаалахын чухлыг та онцоллоо. Музейн орчин тойрон тохитой болохоор олон нийт сонирхож үзэх нь нэмэгдэх байх, тийм үү?

- Музейн орчны тохижилтын төслийг хэрэгжүүлснээр үндэсний өв соёлоо хадгалж хамгаалаад зогсохгүй аялал жуулчлалд ч эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Дотоод гадаадын үзэгчид Чойжин ламын сүм музейгээр ороод гарахад сэтгэл хангалуун болно. Дурсгалт барилгыг сэргээн засварлана гэдэг нь их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа, мэргэжлийн хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шаарддаг мэргэжлийн үйл ажиллагаа юм.  “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд сэргээн засварлах ажлын зураг, төсөв, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө гаргасны дараа сэргээн засварлах ажлыг ээлж дараатай хийж, Чойжин ламын сүмийг иж бүрэн сэргээн засварлаж дуусгах ёстой. Тиймээс соёлын өвөө хадгалж хамгаалах үйлсэд нэгдэн Чойжин ламын сүмийг иж бүрэн сэргээн засварлахад хандив, дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.

http://www.ub.life/p/zoyuunbileg-soyoliin-uwiin-bolowsroliig-tsetserleg-surguulias-ni-olgokh-kheregtei?fbclid=IwAR1rdtnmveoAUet8bDQTgbLALTHsz2k8qnmBN_EmPwP8eTPMSzKtrpIQfE4

                                                                                                       Ярилцсан: Г.Байгальцэцэг