Дүрст мэдээ

12-р сар 21, 2020

ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ төслийн цахим үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) хамтран ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна. Эхний үе шатанд  баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч үйлдвэрлэлийн багтай хамтран 5 удаагийн 10 цуврал уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны 6 сарын 29-өөс 7 сарын 5-ны хооронд 100 гаруй оролцогчдод зохион байгуулсан билээ.

Дараагийн үе шат буюу  “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг 2020 оны 8 сараас 2 сарын хугацаанд мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр зарлаж, 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан. Эдгээрээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон.

Зохион байгуулагчид цаг үеийн тухайн нөхцөл байдалтай уялдуулан “Зүүм” цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-с 2021 оны 1 сарын 15-ны хооронд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд сонгон шалгарсан 12 оролцогчийн 13 бүтээл #GenerationEquality хаштагтайгаар танилцуулагдана. Шүүгдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна. Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах юм. Цахим үзэсгэлэнг зохион байгуулахад биднийг дэмжин ажиллаж буй  АНУ дахь МУЗ-д талархал илэрхийлье.

Social media hashtags:

#би_тэгш_оролцоот_нийгмийг_эрмэлзэгч_үеийн_төлөөлөл    

#GenerationEquality

@АНУ дахь МУЗ

@Австралийн ЭСЯ

@Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia)

@“Ц.Батзориг” сан