Зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн галерейд нээгдэнэ.
МУЭ-ийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэн 2014 оны 6-р сарын 6-15-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Зураач Чойндонгийн Хүрэлбаатар нь 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг, 1987 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэж, зураачийн мэргэжил эзэмшсэнээс хойш реалист чиг хандлага, арга ажиллагааг сонгон, байгаль ба хөрөг зургийн төрөлд гойд мэргэшин бүтээн туурвиж яваа манай нэрт уран бүтээлчдийн нэг юм.
Түүний ур чадвар, авьяас билгийг төдийгүй үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг тосон болон усан будгаар бүтээсэн олон арван зургууд нь илтгэнэ. Тэрээр бүтээлүүддээ амьдралын олон талт юмс үзэгдэлд өөрийн дүгнэлт үнэлгээг өгч, тэдгээрээс үлгэр дуурайлтайг үзүүлэхийг эрхэмлэсэн байдгаас зохиомжийн баатрууд нь бодит ба бодит бус ертөнцийн заагт орших мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ялангуяа хүн төрөлхтөний бүтээсэн урлагийн арвин сан хөмрөгийн реализм, классицизм, романтизмын сонгодог уламжлалаас шимтэн суралцсанаа Монголын дүрслэх урлагт бүтээлчээр хэрэгжүүлдэг нь үзэгч олныхоо ёс зүй, гоо сайхны мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч байдаг гэлтэй.
Энэхүү үзэсгэлэнг Монгол улсын тэргүүлэх хуулийн фирмийн нэг “ЭмДиЭс энд ХаанЛекс” ба “Клайд энд Ко” олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагатай ажлынхаа хүрээнд ивээн тэтгэсэн болно. Мөн эдгээр хуулийн фирм нь Ч.Хүрэлбаатар зураачийн уран бүтээлийн анхны танилцуулгыг хэвлүүлэн гаргахад дэмжлэг үзүүлсэн болно.
Та бүхэн уран бүтээлч Ч. Хүрэлбаатарын үзэсгэлэнгээр заавал зочлоорой.