Ерөнхий мэдээлэл

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд МУ-ын Засгийн Газар, соёл урлагийн салбар тэр дундаа кино урлагийн салбарын хөгжлийн хангах чиглэлийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа билээ. Тухайлбал 2012-2013 онд орон нутаг, сумын соёлын төвийн кино үзвэрийн техникийн бааз суурийг бэхжүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц кино бүтээх үйл явцыг дэмжих, тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх, Монголын киног дэлхийд сурталчлах олон ажил хийж байгаагийн нэг илрэл бол нийслэл хотоороо хаягласан энэхүү наадмын үйл ажиллагаа юм.

Энэхүү наадмын хүрээнд дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад шилэгдэн, шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл анх удаа Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ.

Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, Алтан камер хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчдын урилгаар АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Герман зэрэг орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Истанбул болон Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг нэр хүндтэй байгууллагын төлөөлөгчид, Францын Засгийн Газрын Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно.

ССАЖЯ “Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Франц улсыг сонгосон бөгөөд энэ хүрээнд тус улсын киноны шилдэг бүтээлээс бүрдэх “Франц киноны өдөрлөг”-ийг зохион байгуулах юм.

Мөн наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Улаанбаатар Олон Улсын Кино Форум” болон “Амжилтын гарц” уулзалт ярилцлага зэрэг монголын кино уран бүтээлчдэд нэн тэргүүнд шаардлагатай асуудлыг хөндсөн үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.