Дүрст мэдээ

2-р сар 02, 2015

"Европын түүх" үзэсгэлэн Эрдэнэт хотноо


Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулж буй "Европын түүх" үзэсгэлэн Эрдэнэт хотноо 2015 оны 1-р сарын 28-ны өдөр Уурхайчин соёлын ордонд байрлах "Эрдэнэт" арт галерейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Бүгд Найрамдах Чех Улсын уран бүтээлч Рената Фучиковагийн Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртлэх Европын түүхэн үйл явдлыг харуулах бөгөөд 2015 оны 1-р сарын 28-ны өдрөөс 2-р сарын 3-ны өдрүүдэд "Эрдэнэт" арт галерейд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Энэхүү үзэсгэлэн нь Европын Холбоо, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотноо 2014 оны 9-р сарын 9-27-ны өдрүүдэд "Улаан гэр" арт галерейд дэлгэж, олны хүртээл болгосон билээ.

Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн үзэсгэлэн нь түүний 2011 онд гарсан "Зурган дунд аялсан нь" нэртэй "Европын түүх" номноос сонгосон 20 зургийг багтаасан болно. Европын түүхэн үечлэлийг шинэлэг, хошин, харилцан яриа байдлаар дүрслэн үзүүлсэн нь олон нийт хийгээд, Европчүүд өөрсдийн түүхийг хялбар ойлгох боломжтой болсон юм.