Дүрст мэдээ

4-р сар 18, 2013

ЕБС-ИЙН БАГШ НАР УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ЗААХ ШИНЭ АРГА ЗҮЙД СУРАЛЦЛАА

 

Монголын Урлагийн Зөвлөл (MУЗ) болон Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс хамтран хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах ухаантай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Урлаг Хөгжлийн Төлөө” багш бэлтгэх сургалтыг 2013 оны 4-р сарын 3-5-ны өдрүүдэд “Улаан гэр” галерейд зохион байгууллаа.

“Урлаг Хөгжлийн Төлөө” багш бэлтгэх сургалтанд Сүхбаатар дүүргийн долоон ЕБС-ийн нийгмийн ажилтан, бага ангийн багш болон дурслэх урлаг, технологи, хөгжим, биеийн тамирын хичээлийн нийт 42 багш хамрагдан, урлагаар дамжуулан хичээлийг хэрхэн сонирхолтой, бүтээлчээр удирдан явуулах, хичээлүүдийн холбоо хамаарлыг ойлгох, багаар ажиллах тухай шинэ арга зүйд суралцав.

2010 онд Монголын Урлагийн Зөвлөл нь “Сайн Хөтөч Төв” ТББ-ийн захирал, төслийн зөвлөх багш Б.Батсүрэн, боловсрол судлаач Д.Гүндэгмаа нартай хамтран “Урлаг Хөгжлийн Төлөө” урлагийн боловсролын сургалтын агуулгыг боловсруулан, багшийн гарын авлагыг хэвлэн гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын зарим ЕБС, албан бус сургалтын төвүүдэд хэрэглэгдэж байна.

2013 онд МУЗ нь “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэсийн хүсэлтээр тус дүүргийн 7 ЕБС-д хэрэгжүүлж, багш нарт шинэлэг заах арга зүй, мэдлэг, мэдээллийг өгөх болно. Түүнчлэн сургалтанд хамтрагдсан багш нар өөрсдийн сургууль дээр хүүхдэд зориулсан урлагийн боловсролын сургалтыг 2013 оны 5-р сарыг дуустал хугацаанд зохион байгуулах болно.