Дүрст мэдээ

8-р сар 15, 2017

Дэлхийн яруу найргийн өдрүүд Монголд анх удаа зохион байгуулагдана.

2017.08.16–22

Улаанбаатар хот, Дорноговь аймаг

Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8-р сарын 16-22-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Төрийн ордонд, Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн болон Дорноговь аймгийн Хамарын хийдэд, Бичиг соёлын болон гадаадын яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд, олон улсын яруу найрагчдын уншлагууд дөрвөн музейд тус тус зохион байгуулагдана.

Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж Дэлхийд нэртэй сая сая уншигчидтай зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж, Монгол орны байгалийн ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох юм.

Наадам ба Дэлхийн яруу найрагчдын 37-р их хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, дэлхийд нэртэй зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид оролцож байгаа нь Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг нээж өгч байна.

Одоогийн байдлаар дэлхийн 40-өөд оны 200 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид ирээд байна. Тухайлбал Норвегийн Академийн гишүүн, Норвегийн Вангийн яруу найрагч "поэт лаурет", "хүлэг баатар" цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөөгийн соён гэгээрүүлэгч, Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваний яруу найрагч Юй Си, Казакстан Улсын төрийн шагналт, суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чөкс зэрэг алдар суутнууд ирнэ.

Филиппиний нэрт соёлын зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч, уугуул соёлоо тээгчдийн олон улсын форумын ерөнхийлөгч Кидлэт Тахимик, Олон улсын Пен байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Солонгосын Пен-н ерөнхийлөгч, яруу найрагч Ли Гил-вон, Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагч, хэвлэн нийтлэгч Иштван Турцы, АНУ-ын “Чивителла Райнери” сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхий нарийн бичгийн дарга Мария Эйжина Соберанис, Бүх Хятадын Жунлогийн уран зохиолын тэргүүн шагналт, БНХАУлсын тэргүүн дэсийн яруу найрагч Сарантуяа, Японы Хайкугийн холбооны ерөнхийлөгч Баняа Нацуши, Чехийн Үндэсний номын сангийн захирал, Чех Пенгийн ерөнхийлөгч яруу найрагч Жири Дедесик зэрэг алдартай хүмүүс ирж манай орныг нүдээр үзэж, уран бүтээлээ Монголын сэдвээр баяжуулах болно.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, орчуулагчид оролцож байгаа нь Монголын зохиолч уран бүтээлчдэд тун таатай, азтай үйл явдал болж байгааг хэлэх хэрэгтэй.

Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85, Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60 насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа зохион байгуулагдах болсныг дуулгахад таатай байна.

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн урлаг соёлын академийн соёрхсноор Монголын Соёл Яруу найргийн Академи ажиллах бөгөөд хамтран зохион байгуулагчаар Дэлхийн урлаг соёлын академи, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Зохиолчдын Эвлэл, Нью Жуулчин Турс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын Газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Sound of Mongolia хамтран зохион байгуулж, Моннис Интернэйшнл, Улаанбаатар төмөр зам, Туушин Зочид Буудал ХХК, Мөнхийн Үсэг ХХК, Мишээл экспо, АПУ, Мандал Даатгал, Говь ХК, World Wine, Тэнгэр Холдинг, МИАТ ивээн тэтгэн, Боловсрол, Гадаад Харилцааны Яам, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, МУ-ын Морин хуурын чуулга, Цаг Студи, "Aну энд Ти" ХХК, MOSCAP, Хэвлэл мэдээллийн хамтрагчид МҮОНРТ, Монгол HD, UBS, TV9, Зууны мэдээ, Өнөөдөр сонин, Өдрийн шуудан сонин дэмжин ажиллаж байна.