Дүрст мэдээ

1-р сар 29, 2019

Г.ЭНХБАТ: СОЁЛЫН ӨВ, ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛЫГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ “ӨВ ЭРДЭНЭ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.


Монголын Урлагийн Зөвлөл, М-Си-Эс Групп хамтран монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. М-Си-Эс Групп дээрх зорилгод нийцсэн үндэсний хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөг олгох юм. “Өв эрдэнэ” хөтөлбөрийн эхний төслөөр Чойжин ламын сүм музейн хадгалалт, хамгаалалтын төсөл шалгарсан бөгөөд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей зэрэг бусад төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах гэж байна.   

Чойжин ламын сүм музейн хадгалалт, хамгаалалт төслийн ажлын хэсгийн ахлагч, БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбаттай төслийн талаар ярилцлаа.

-“Өв эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулахгүй юу?

-Үндэсний томоохон компаниудын нэг М-Си-Эс Группийн 25 жилийн ой 2018 онд тохиосон. Тус Групп ойгоо ёслон тэмдэглэхээс илүүтэй улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэх шийдвэр гаргасан цаг үе төрийн болон бусад байгууллагууд үндэсний музейнуудыг засварлах ажил өрнүүлэх цаг үетэй давхцаж, хоёр талын сонирхол нийлснээр “Өв эрдэнэ” хэмээх соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Монголын соёлын өв, түүх, соёлын дурсгалыг хайрлах, хадгалан  хамгаалах, сэргээн засварлах, олон түмэнд таниулан сурталчлах ач холбогдолтой уг хөтөлбөр М-Си-Эс Группийн зүгээс нийгмийн сайн сайхны төлөө хийж буй нийгмийн хариуцлагын том ажил гэж хэлж болно.

-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх анхны төслөөр “Чойжин”-г сонгосон нь тус музейд тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнийх үү?

-Чойжин ламын сүм музейн уран барилга муудсан, хадгалалтыг сайжруулж, хамгаалах шаардлага байгаа тухай тус музейн захиргаа болоод холбогдох яамны түвшинд олон жилийн өмнөөс ярьж, асуудал дэвшүүлж ирсэн. Ер нь манай улсын музейн барилга, байгууламж тун хүнд байдалд байдаг. Олонх музей 1950, 1960-аад оны үед аж ахуйн зориулалтаар барьсан байгууламжид үйл ажиллагаа явуулж ирсэн. Чойжин ламын сүмийг ч хожим музей болгож тохижуулсан. Хур тунадас, газрын хөрсний нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс болж хуучирч муудсан. Одоо л хадгалалтыг сайжруулж, хамгаалж авахгүй бол оройтно. Хамгийн түрүүн хамгаалах түүх, соёлын дурсгалаар онцолсон нь учиртай. Монголын Урлагийн Зөвлөл уг музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт, барилгын гэмтлийн судалгаа, 2016-2017 онд байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл, хүрээлэн буй орчны  судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр явуулсан. Музейн хадгалалт, хамгаалалтын орчны нөлөөллийн судалгаагаар тухайн дурсгалын талбай, хүрээлэн байгаа орчин, газар доогуурх инженерийн шугам сүлжээ, хөрсний бохирдол, гал, цахилгаан, хулгайн эрсдэл болон агаарын бохирдол, мод сөөгний нөлөөлөл зэргийг судалж, үр дүнг нь холбогдох яам, олон нийтэд мэдээлсэн. Судалгааны хүрээнд уг музейн хадгалалт, хамгаалалтыг 2025, 2030 он хүртэл сайжруулах, сэргээн засварлах талаар үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан юм. Дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалтын орчны судалгааг хийж, төлөвлөгөө гаргасан байсан нь уг төслийг хамгийн түрүүнд дэмжих, хэрэгжүүлэх нэг шалтгаан болсон. Нийт есөн төрлийн судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг үндэсний өв соёлоо дээдэлдэг бизнесийн байгууллагын бодит дэмжлэг, санхүүжилтээр хийхээр болсонд бид их олзуурхаж байгаа.

-Ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ?

-Төслийн хүрээнд нэн тэргүүнд сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулна. Аль аль дуган, барилгыг хэдэн онд сэргээн засварлах төлөвлөлтөөс хамаарч зургийг нь хийлгэнэ. Зургийн дагуу улсын болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээр сэргээн засварлах ажлыг хийхээр төлөвлөнө. Хоёрдугаарт, сүм-музейн хүрээлэн байгаа орчин нь тухайн дурсгалыг үзэж сонирхох хүмүүст аюулгүй байж чадаж байна уу, орчны тохижилт нь нийслэлийн төлөвлөлттэй хэрхэн уялдаж байна вэ гэдгийг тогтооно. Цахилгааны шугам муудсан зэрэг тулгамдсан бодит эрсдэл бий. Галын аюулаас сэргийлж цахилгааны иж бүрэн шинэчлэл хийнэ. Орчны судалгааны дүнд суурилан цэцэрлэгт хүрээлэнг нэлээд сайн тохижуулъя гэж байгаа юм. Музейн анхны эх төрхтэй ойртуулахын тулд 1910-1940-өөд оны зурагт нь үндэслээд одоо байхгүй ч тухайн он жилүүдэд байсан чулуун дурсгалыг судалгааны үндсэн дээр шинээр хийнэ.

-Шинээр байгууламж байгуулах, хөшөө дурсгал бүтээх зай талбайн боломж хэр вэ?

-Хамгаалалтын бүсийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон байдаг. Гэвч зарим нэг алдаатай шийдвэрийн улмаас машины зогсоол дурсгал руу хэт тулсан. Галын зэрэг онцгой байдлын үед машин чөлөөтэй нэвтэрч орж, гарах гарц хаалттай байх талтай. Газар доогуурх цахилгааны болоод цэвэр, бохир усны шугамуудыг байнга засдаг учраас хийсэн бүтээн байгуулалтууд хоёр, гурван жилийн дараа нурдаг зэрэг асуудал бий. Газрыг бодлогогүй олгосны үрээр Чойжин ламын сүм музейн баруун урд талд музейн төрхийг алдагдуулсан, өнгө үзэмжид нь сөргөөр нөлөөлөхүйц улаан байшин барьсан байсныг зохих журмаар шийдвэр гаргуулж, нураалгасан. Тэгэхээр музейн орчин, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүйгээр, сая ярьсан шиг түүхийг дахин давтуулахгүйээр орчныг тохижуулахын төлөө ажиллана. Энэ бүхнийг хийх зай талбай тодорхой хэмжээнд байгаа гэж үзсэн. Төлөвлөлтийг оновчтой хийх үүднээс нийслэлийн зохих байгууллагуудтай хамтарч ажиллан зураглалыг шинээр хийнэ.

-Олон талт хамтын ажиллагаа өрнөх нь ээ.

-Тийм ээ. Энэ том ажлыг нэг байгууллага дангаар хийх боломжгүй. Үндэсний өв соёл, түүх, дурсгалын хадгалалт, хамгаалалтын ажилд улсын болоод хувийн хэвшлийн байгууллага, орон нутаг, мэргэжлийн хүмүүс хамтрах гэж байгаагаараа онцлог. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Архитектур төлөвлөлтийн албатай хүчээ нэгтгэнэ. БСШУСЯ жил, жилийн төлөвлөгөөндөө зохих санхүүжилт тусгах зэргээр дэмжиж байж ажил үр дүнтэй болно. Түүнээс нэг удаа засаж, янзлаад орхичих юм бол дахиад л асуудал гарна. Тиймээс БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, ландшафтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллана. Түүнчлэн дэлхийн хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын “ICOMOS” байгууллагын Монгол дахь төлөөлөл Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн захирал, доктор Н.Уртнасан бидэнтэй ажиллана.

-М-Си-Эс Групп нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь бизнесийн бусад байгууллагыг энэхүү сайхан үйлсэд уриалж байна гэж ойлгогдож байна. Та юу гэж хэлэх вэ?

-М-Си-Эс Групп хувийн хэвшлээ манлайлан үндэсний өв соёл, үнэт зүйлдээ өөриймсөг хандаж,  хөрөнгө оруулалт хийж байгаад бид талархаж байна. “Өв эрдэнэ” хөтөлбөр үлгэр жишээ загвар хөтөлбөр болно гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөр “Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалт”-ын ажлаар эхэлж, “Богд хааны ордон музейн байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа”-гаар удаалж, цаашид бусад үндэсний хэмжээний томоохон төслүүдээр үргэлжилнэ.

                                                                                                                  Ярилцсан Р.Оюунжаргал